НийгэмОнцлох

Олон удаагийн үйлдлээр хахууль авсан цагдаагийн байцаагчид 2.6 жилийн хорих ял оноожээ.

Прокурорын байгууллага 2026 оны тавдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 87 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 65 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 22 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр долоон хүнд холбогдох гурван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс долоон хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Хэргийг тоймлон хүргэвэл: О.Ж нь нийтийн албан тушаалтан буюу … дүүрэг дэх Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа зөрчилд холбогдогч С.Г-ийн зөрчлийн хэргийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс 2023 оны долдугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргасан атлаа хэргийг шүүхэд даруй шилжүүлэх арга хэмжээ авахгүй удаашруулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны зуравдугаар сарын 16-наас 2023 оны долдугаар сарын 22-ны өдрийн хооронд өөрийн болон бусдын дансаар дамжуулж, нийт 4,5 сая төгрөгийн хахууль авсан;

С.Г нь нийтийн албан тушаалтан буюу …аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа өөрт холбогдох зөрчлийн хэргийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор …дүүрэг дэх Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Ж-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 4,5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс О.Ж, С.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, О.Ж-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4,5 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %