Дэлхийд

Ойрх дорнодын дайн: Ираны дайн НҮБ-ын тунхаглалыг зөрчиж байна гэж үзжээ.

Ираны дайн НҮБ-ын чартерийг зөрчиж байна гэж шүүмжилжээ

Иранд хүний эрхийн зөрчлийг шалгаж буй НҮБ-ын бие даасан баг лхагва гарагт /2026.03.04/ мэдэгдэл хийхдээ АНУ, Израил, Ираны цохилт нь НҮБ-ын чартерийг зөрчиж байна гэж шүүмжилжээ. НҮБ-ын чартерт аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч ашиглахыг хориглодог.

Ираны асуудлаарх НҮБ-ын Баримт илрүүлэх олон улсын бие даасан комисс мэдэгдэл хийхдээ бямба гарагт /2026.02.28/ Минаб хотын Шажарех Тайбех охидын сургуулийг бөмбөгдсөн явдалд гүн цочирдож буйгаа илэрхийлжээ. Тус хороо мэдээлэхдээ цохилтын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь 7-12 насны охид байсан бололтой гэсэн байна. Лхагва гарагт НҮБ-ын өөр шинжээчдийн зөвлөл цохилтын улмаас 160 гаруй хүүхэд амиа алдсан гэсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэл хийхдээ “Үнэхээр манай цохилт байсан эсэхийг Дайны яам шалгана. Тэгэхээр энэ талаарх асуултыг Дайны яам руу шилжүүлье. АНУ санаатайгаар сургуулийг онилохгүй” гэсэн байна.

Ойрх дорнодын дайны улмаас алт, мөнгө болон газрын тосны үнэ нэмэгдээд байгаа. “Trading Economics” сайтаас харвал алт унц нь 5,172 орчим ам.доллароор арилжиж байгаа нь өчигдрөөс 0.6 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Харин мөнгө 1.3 орчим хувиар өсөж унц нь 84 ам.доллар орчим үнэтэй байна. Газрын тосны хувьд Брент маркийн тос 3.17 хувиар өсөж баррель нь 83.9 ам.доллар хүржээ.

 

Лхагва гарагт /2026.03.04/ АНУ, Израил хоёр Ирантай хийж буй дайны нөхцөл байдал нэмж хурцдав. Тодруулбал АНУ-ын шумбагч онгоц Шри Ланкагийн ойролцоо байсан Ираны байлдааны хөлөгт цохилт өгч живүүлсний улмаас 80 хүн амь үрэгджээ. Энэ нь АНУ-ын зэвсэгт хүчин Дэлхийн II дайнаас хойш анх удаа торпедогоор хөлөгт цохилт өгч живүүлсэн тохиолдол юм. Мөн Иран Турк руу харвасан пуужинг НАТО буудан унагаасан аж.

Хууль зүйн мэргэжилтнүүд хэлснээр АНУ-ын шумбагч онгоцны өгсөн цохилт дайны хуулийг зөрчөөгүй мэт харагдаж байна гэжээ. Гэхдээ Вашингтон Ираны үзүүлж буй ойрын аюулыг устгана гэх шалтгаанаар цохилт өгч байгаа. Үүнээс харвал Иранаас хол байсан байлдааны онгоцыг ойрын аюул хэмээн цохилт өгөх нь учир дутагдалтай. Шинжээчид Ираныг АНУ-ын газар нутагт үзүүлэх аюул эрсдэл харьцангуй бага гэж үзэж байгаа юм. Харин америкчууд энэ дайныг зөвхөн Израилын хүсэж байгаа болохоор эхэлсэн гэж бодож буйгаа сошиал орчинд илэрхийлж байна.

Ираны дараагийн дээд удирдагч агсан Аяатолла Али Хамэнэйн залгамжлагчаар түүний хүү Можтаба Хамэнэй тодрох хамгийн өндөр байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Иран дараагийн дээд удирдагчаа сонгохоор ажиллаж буй нь АНУ, Израилын цохилтод бууж өгөх бодолгүй байгааг харуулав. Гэхдээ Иран АНУ-тай хэлэлцэх сонирхолтой гэдгээ илэрхийлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Уг мэдээлэл гарсны дараа АНУ-ын компаниудын хувьцаа өсөж, лхагва гарагийн арилжаа хаагдахад эерэг үзүүлэлттэй байсан юм.

Тодруулбал лхагва гарагийн арилжаа хаагдахад Nasdaq индекс 1.29 хувиар өсжээ. Харин Dow Jones 0.49 хувь, S&P 500 0.78 хувиар өсөлт үзүүлсэн байна. Иран хэлэлцэх сонирхлоо илэрхийлсэн явдлаас гадна Трамп Ормузын хоолойгоор өнгөрөх хөлгүүдийн аюулгүй байдлын АНУ-ын зэвсэгт хүчин хангана гэсэн нь хөрөнгө оруулагчдын санааг бага зэрэг амраажээ.

Трамп энэхүү дайныг Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр эхлүүлсэн. Ийм учраас хоёр намын хууль тогтоогчид агаарын цохилтыг зогсоож, Ираны эсрэг дайн хийхийн тулд Конгрессоос заавал зөвшөөрөл авахыг шаардсан хуулийг Сенатын танхим дэмжээгүй байна. Тодруулбал лхагва гарагт /2026.03.04/ Сенатын танхим санал хурааж, 53:47 харьцаатай тэрхүү хуулийн төслийг дэмжээгүй юм. Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын цөөн хэдэн гишүүн эхлүүлсэн тэрхүү хуулийн төслийг Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын хууль тогтоогчид ийнхүү няцаав.

Тус хуулийн төслийг дэмжигчид бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн дайн хэдэн долоо хоног үргэлжилбэл Трампын туслахуудыг олон нийтийн өмнө мэдүүлэг өгөхийг шаардана гэж дэмжээгүй санал өгсөн Бүгд найрамдах намын зарим гишүүн хэлжээ.

Харин тус хуулийг эсэргүүцсэн хууль тогтоогчид Трамп зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хязгаарлагдмал цохилт өгч, АНУ-ыг хамгаалах хууль ёсны эрхтэй гэж мэдэгдсэн байна. Бүгд найрамдах намаас Сенатын танхимд суудаг Жим Ришч “Энэ бол мөнхийн дайн биш, огт биш. Маш хурдан дуусна” гэсэн юм. Одоогийн байдлаар АНУ, Израил хоёр Ирантай хийж буй дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа билээ.

АНУ, Израил болон Иран нар агаарын цохилтыг маш эрчимтэй өгч байгаа бололтой. Учир нь Ираны Дээд удирдагч Али амь үрэгдсэнд гашуудах ёслолыг хойшлуулахаа зарласан байна. 1989 онд Дээд удирдагч Аяатолла Рухолла Хомэйнигийн оршуулах ёслолд сая сая хүн оролцсон.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %