Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг 21 аймгийн Засаг дарга, аймгуудын Онцгой комисстой цахимаар хуралдаж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгчээ.
Засгийн газар болон Улсын онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай, тасралтгүй хүргэх, хүндрэлээс үүсэж болох эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хүрээнд аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, 20 ширхэг автомашин олгожээ. Мөн цас ихээр орж зам, даваа хаагдсан зарим аймаг, сумдад автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэг, 796 тонн өвс, 8154 тонн тэжээл болон аймаг тус бүрд 50 тонн шатахууны дэмжлэг улсын нөөцөөс олгосон байна.
Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд Х.Ганхуяг онцолж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.


