ДэлхийдЭрүүл мэнд

Адууг сэтгэл заслын эмчилгээнд ашиглаж байна.

АНУ-д ахмад дайчид болон хоригдлуудыг адуутай харилцуулж сэтгэл заслын эмчилгээ хийж байна.

Тодруулбал адуугаар дамжуулан, дайнд оролцсон ахмад дайчдын сэтгэл заслын эмчилгээг үзүүлж буй. Энэ нь ахмад дайчдыг амьдралд дахин хөл тавихад нь тусалж байна гэжээ.

Ахмад дайчдын хувьд дайны үед аймшигтай дүр зураг харсан, баривчлагдаж хоригдсон гээд  энгийн иргэдээс илүү сэтгэл зүй нь гэмтсэн байдаг аж. Учир нь  ахмад дайчдын гуравны нэг нь амьдралынхаа аль нэг үед баривчлагдаж, шоронд ордог байна.

Тиймээс амьтныг ашигласан эмчилгээний шинэ хөтөлбөрөөр тэдний сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Морь сургагч Пэт Паккетт “Адуун сэтгэл хөдлөл маш эмзэг байдаг, харин хүн тийм биш. Бид хэзээ ч адуутай адил эмзэг биш байдаг ч гэхдээ хичээж чадна” гэжээ.

Тэрхүү хоригдлууд бүгд Далласаас хойш орших Коллин Каунти шоронгийн хоригдлууд бөгөөд бүгд Америкийн армид алба хааж байсан ахмад дайчид юм.  75 настай адуу сургагч Паккетт өөрөө ч ахмад дайчин. Тэр өсвөр насандаа армид татагдаж, Вьетнамын дайны үед хоёр жил алба хаажээ.

“Вьетнам явснаас хойш 50 жил өнгөрсөн ч би өдөр бүр гунигтай байдаг. Хүний цогцосны үнэр хэзээ ч мартагддаггүй. Харин ковбой болохоор шийдсэн цагаас хойш энэ бодлуудын оронд эерэг зүйл бодох болсон” хэмээжээ.

Ахмад дайчдыг нөхөн сэргээх боломж олгох насан туршийн хөтөлбөр буюу Valor (Veterans Accessing Lifelong Opportunities for Rehabilitation)  нь 2018 онд эхэлсэн бөгөөд одоогоор Техас даяар 40 орчим ахмад дайчид хамрагдаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд сэтгэл заслын зөвлөгөө, уур хилэнгээ удирдах сургалт, дайны дараах сэтгэлзүйн эмгэг (PTSD)-тэй ахмадуудын бүлгийн уулзалтууд зохион байгуулдаг.

АНУ-д нийт хоригдлуудын 8 хувь нь ахмад дайчид байдаг. 2016 оны байдлаар 107,000 ахмад шоронд хоригдож байжээ. Ахмад дайчдын баривчлагдах магадлал энгийн иргэдийнхээс хоёр дахин өндөр байдаг аж.

Коллин Каунтигийн цагдаа Жим Скиннер, өөрөө ч ахмад дайчин бөгөөд энэхүү Valor хөтөлбөрийг санаачлагч юм. Тэрээр адууны дэргэд байх нь өөрт нь амар амгаланг мэдрүүлсэн тул бусад ахмадууд ч адууны тусламжтайгаар сэтгэлзүйн дарамтаа бууруулах боломжтой гэж үзжээ.

“Зарим ахмад дайчид архи, мансууруулах бодис хэрэглэж эхэлдэг. Тэдний сэтгэл санаа түгшүүртэй байснаар алдаа гаргаж, улмаар шоронд ордог. Ингээд эцэст нь над дээр ирдэг юм” хэмээн Скиннер тайлбарлав.

Адууны сэтгэл засал АНУ-ын хорих ангиудад сүүлийн хэдэн арван жилд эрчимтэй дэлгэрч байна. Анхны ийм хөтөлбөр 1970-аад онд Колорадод эхэлсэн бөгөөд “Зэрлэг адуу сургагч хоригдлууд” (Wild Horse Inmate Program) нэртэй болж, Холбооны газрын менежментийн товчоотой хамтран ажилладаг байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %