Монгол Улс, АНУ-тай хамтран Англи хэлний мэргэшлийн төвийг өнөөдөр /2025.06.12/ албан ёсоор нээлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Энтони Блинкэн 2024 онд Монголд айлчлахдаа “АНУ-Монголын Англи хэлний сургалтыг дэмжих санаачилга”-ыг хэрэгжүүлэхээр болж байв. Энэ санаачилгын нэг гол хэсэг нь Англи хэлний мэргэшлийн төв юм.
Энэхүү төв нь гурван үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь
- Бүх шатны англи хэлний багш нарын чадавхыг сайжруулах,
- Их дээд сургуулиудад хэрэгжиж буй англи хэлний хөтөлбөрүүдийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,
- Төрийн албан хаагчдын англи хэлний чадавхыг сайжруулах юм.
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Боловсролын сайд П.Наранбаяр “Англи хэл бол монголчуудын хувьд гуравдагч хөрш, цаашлаад дэлхийд гарах гарц, цонх юм. Энэхүү төвийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэхэд Боловсролын яам хамтран ажиллана” хэмээн онцоллоо.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Энэхүү төв нь Монголын сурган хүмүүжүүлэгчдийг ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэхэд нь нөөц бололцоогоор хангадаг, инновац, боловсрол, өсөлт хөгжлийн төв байх болно.
АНУ-ын Засгийн газраас эхний санхүүжилтээ авсан ч энэ төв зөвхөн Америкийнх бус, Монголд англи хэл заах үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй англиар ярьдаг бүх орнуудын нөөц бололцоо, багшлах ур чадварын төвлөрөл болох юм” гэв.
Тус төвийн захирал Д.Отгонтуяа “Энэ оны гуравдугаар сараас төвөө нээж, туршилтын сургалтууд зохион байгуулсан. АНУ-ын Элчин сайдын яам болон Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн багш нар хичээл заадаг.
ЕБС-ийн ахлах ангийн багш нар, МСҮТ-ийн багш нар, Их дээд сургуулийн англи хэлний багш нар мэргэжлээ дээшлүүлэх хүрээнд энэ төвд суралцах боломжтой. Мөн англи хэлний багш болох гэж оюутнуудад үүд хаалга маань нээлттэй.
Цаашид багш нарыг дотоод, гадаадад зохих хэмжээгээр сургалтад хамруулах төсөл хөтөлбөрүүд мөн манай үйл ажиллагааны чиглэлд багтсан” гэлээ.
Монгол Улс 2023 онд англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгон хуульчилсан. Үүнийг дэмжиж АНУ-ын Элчин сайдын яамнаас тодорхой ажлуудыг хийж байна.
Тухайлбал өсвөр насныханд зориулсан хоёр жилийн хичээлийн дараах хөтөлбөр болох Англи хэлний бичил тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Одоогоор таван газарт 200 орчим сурагч энэ хөтөлбөрт хамрагдаж байна.


