Дэд онцлохНийгэмОнцлох

Бүтээмж дутсан салбар

Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх тусам эдийн засгийн өсөлт хурдсаж, хүмүүсийн амьжиргаа сайжирч, улс орны эдийн засаг илүү тогтвортой болдог билээ. Иймээс олон улс орнууд хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулахын тулд технологийн шинэчлэл, боловсрол, хөрөнгө оруулалт зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлсээр байна.

Тэгвэл Монгол Улсын хувьд хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага байна. Тухайлбал, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын /ILO/ тайланд дурдсанаар, манай улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байгааг дурджээ. Монгол Улсын хувьд уул уурхай, мэдээлэл технологийн салбар нь хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байдаг. Харин бусад салбар буюу хөдөө аж ахуй, барилгын салбар, үйлчилгээний салбарууд бүтээмж, цалин орлогын хувьд харьцангуй бага байна. Энэ нь эдгээр салбаруудын үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах, технологийн шинэчлэл хийх, мөн ажилчдын ур чадварыг сайжруулах шаардлагатайг харуулж буй.

Бүтээмж дутсан салбар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан

Монголчуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дэлхий нийттэй харьцуулахад цагт нэг ам.доллартой тэнцэж байна. Гэтэл бусад улс орнууд нэг цагт 20-30 ам.долларын цалинтай байдаг. Цалинг өндөр байлгахын тулд салбар бүрийн бүтээмжийг сайжруулах хэрэгтэй. Бүтээмжийн цаана инновацын асуудал яригдана. Дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлтөө тогтвортой барихын тулд ард иргэдээ бүтээмж өндөртэй байлгахыг зорьдог. Үүнд боловсролын тогтолцооны асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал орно. Монгол Улсад 70-80 мянган ажилгүй иргэн байна. Нөгөө талдаа 30-40 мянган ажлын байр шинээр зарлаж байхад хүмүүс ирэхгүй, ажилд орох сонирхол бага байна. Үүний цаана цалин бага гэдэг шалтгаанаас болж шинээр зарласан ажлын байр эзэнгүй байна. Өөрөөр хэлбэл, 30-40 мянган ажлын байр цалин багатай байна гэсэн үг.

Бүтээмжийн ХӨГЖИЛ

Бид долоо хоногийн таван өдрийг ажиллаж хөдөлмөрлөхөд зарцуулдаг. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн бүтээмж нь доогуур үнэлэгдэж байгаа нь анхаарал хандуулах чухал асуудлын нэг юм. Учир нь монголчуудын хувьд бүтээмжийн тухай ойлголт сул цаашлаад үнэлж, дүгнэхгүй байгаа нь бүтээмжийг сулруулах гол хүчин болж буй. Хөдөлмөрийн бүтээмжийг нэг ажилтны үйлдвэрлэсэн ДНБ-ий хэмжээгээр илэрхийлдэг. Учир нь ДНБ бол тухайн улс орны нутаг дэвсгэрт үйлдвэрлэж бий болгосон нийт бараа, бүтээгдэхүүн баялгийг буюу эдийн засгийн хэмжээг илэрхийлэх үзүүлэлт юм. Манай улсад 2024 онд нэг ажилтанд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 4.4 сая төгрөг болж, өмнөх оноос 217.2 (5.1%) мянган төгрөгөөр өссөн байна.

Тухайлбал,

  • Нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг өмнөх оны мөн үеэс уул уурхай олборлолтын салбарынх 12.5 сая төгрөг болж, 524.6 мянган төгрөгөөр өссөн,
  • Үйлчилгээний салбарынх 4.3 сая төгрөг болж 563.4 (11.6%) сая төгрөгөөр, үйлдвэрлэл, барилгын салбарынх 3.2 сая төгрөг болж, 376.1 (10.6%) мянган төгрөгөөр,
  • Хөдөө аж ахуйн салбарынх 494.5 мянган төгрөг болж, 15.8 (3.1%) мянган төгрөгөөр тус тус буурчээ.

Нэг ажилтанд ноогдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 4.4 сая төгрөг болж, өмнөх оноос 217.2 (5.1%) мянган төгрөгөөр өссөн нь уул уурхай буюу өндөр бүтээмжтэй салбарын бүтээмж өссөнтэй холбоотой аж. ҮСХ-ны гаргасан статистикаас харахад Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь салбар тус бүрд тодорхой ялгаатай байна. Уул уурхай, олборлолтын салбарын бүтээмжийн өсөлт нь үндсэндээ энэ салбарт үзүүлж буй хөрөнгө оруулалт, технологийн дэвшил, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой. Харин үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуйн салбаруудын бүтээмжийн өсөлт удаан, бууралттай байгаа нь эдгээр салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологи, менежментийн урд чадвар дутагдалтай байгааг харуулж буй.

Бүтээмж дутсан салбар Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн орнуудын хөтөлбөрийн газрын дарга Арсёони Буено

Солонгос, Япон зэрэг улс ард иргэдээ маш сайн бүтээмжтэй байлгах ур чадварын сургалтууд байнга зохион байгуулдаг. Ер нь мэргэжил олгох боловсролын системийг маш сайн суулгасан байдаг. Академик боловсрол болон мэргэжлийн сургалтууд нь хамт явагддаг. Онол, практик нь уялдсан байдаг учраас боловсрол эзэмшиж байгаа хүмүүс нь маш сайн бэлтгэгдсэн байдаг. Энэхүү хоёр систем тусдаа явах юм бол ажлын байранд гарахад ажилтан бэлэн биш байдаг. Үүнээс гадна ур чадварыг нэмэгдүүлэх систем гэж бий. Монголын хувьд уул уурхайн салбарт цалин илүү өндөр. Энэ салбарт хүмүүс хэдий ур чадвартай байсан ч ажлын байрны хүртээмж бага. Тиймээс иргэд энэ мэргэжлээр төгсөөд ажиллах гэхэд ажлын байр олдохгүй байх эрсдэл бий. Магадгүй боловсролын систем нь ажлын байрны шаардлагад нийцэхгүй байж ч болох юм.

“Бүтээмжтэй монгол хүн 2020” судалгаагаар манай оронд бүх шатны ажилчдын бүтээмж сул байгаа шалтгааныг макро түвшинд “залхуу байдал”, “хувь хүний хөгжил дорой байдал”, “чанаргүй мэргэжилтнүүд” хэмээн тодорхойлжээ. Харин микро түвшинд амьдралын буруу хэвшил, хэт олон цагаар ажиллах, цалин мөнгөний дутагдалтай байдал нөлөөлдөг гэж үзсэн байдаг. Иймд ажлын үр бүтээмжийг сайжруулахын тулд иргэдийн хувь хүний хөгжилд сайтар анхаарах шаардлагатай гэдгийг тодотгосон байдаг. “Бүтээмжийн хувьсал”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгох зорилт тавьсан.

Улмаар нэг хүнд ноогдох ДНБ-ий 8000-10000 ам.долларт хүргэх, ядуурлыг хоёр дахин бууруулна гэх том зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүтээмжийн асуудлыг шийдэх нь чухал юм. Ингэхийн тулд хувь хүний хөгжлийг дэмжих, цалингийн системийг шинэчлэх, нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл, дижитал шилжилтийг хийх нь чухал байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %