Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт энэ 26-ны өдөр 15 настай таван сурагч эцэг эхийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргажээ. Ослын улмаас нэг сурагч газар дээрээ амиа алдсан бол, нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.
Тодруулбал, тус зам тээврийн осол Дархан хотоос Зулзага чиглэлийн замд гарсан байна. Цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 16.50 цагт дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Тухайн хүүхдүүд нь 9-р ангийн сурагчид байсан аж. Өдрийн болон шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхээсээ нууцаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчил их байдаг. Энэ тохиолдолд зөрчил гаргасан тухайн хүүхдүүдийн асран хамгаалагчид хариуцлага тооцдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараад хяналтаа сайжруулахыг анхааруулж байна” хэмээсэн юм.
Одоогийн байдлаар ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Зам тээврийн ослоос амьд үлдсэн гурван хүүхэд эмнэлгийн тусламж авч, эмнэлгээс гарсан нөхцөл байдалтай буй аж.
Ташрамд дурдахад, Дархан-Уул аймгийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 17 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон байна.


