Өмнөд Солонгосын дарангуйлагч агсан Чун Ду Хваны ач хүү Баасан гарагт 1980 оны Гванжугийн бослогын үеэр алагдсан иргэдийн ар гэрийнхээс уучлал гуйжээ.
27 настай Чун У Вон энэ өдөр Гванжу хот дахь хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний өмнө өвдөг сөхрөн уучлал гуйсан байна.
Түүний өвөө Чун Ду Хван цэргийн эргэлтээр төрийн эрхийг авч, 1980-1988 оны хооронд Өмнөд Солонгосыг удирдаж байсан юм.
1980 оны тавдугаар сарын 18-нд цэргийн дэглэмийг эсэргүүцэж, ардчилсан засаглалд шилжихийг шаардсан иргэд Гванжу хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байжээ.
Чун Ду Хван иргэдийн тэмцлийг Умард Солонгосын дэмжлэгтэй коммунист хөдөлгөөн гэж нэрлээд цус урсган дарсан юм. Энэ үеэр алагдсан иргэдийн тоог эрх баригчид 165 гэж үздэг бол судлаачид 600-2,300 орчим гэж тооцоолдог.
Залуу Чун хохирогсдын ар гэрийнхэнтэй уулзахдаа өвөг эцгээ “гэмт хэрэгтэн” хэмээн нэрлэж, гэр бүлийнхээ түүхийн талаар бодит үнэнийг гуйвуулсан сурах бичгээс авдаг байснаа хүлээн зөвшөөрчээ.

“Гарах үр дагавраас нь айсан манай гэр бүл аймшигт гэмт хэргийн талаар бодит үнэнээс харцаа буруулсаар ирсэн юм” гэж хэлсэн Чун У Вон өвөг эцгийнхээ үйлдсэн нүглийн төлөө үлдсэн амьдралынхаа турш харамсаж явахаа амласан байна.
“Бид У Воны зоригтой үйлдлийг талархан хүлээж авч байна. Гэхдээ ингэснээрээ тэр баатар болох ёсгүй” гэж хохирогчдын ар гэрийн холбооны тэргүүн Ян Жэ Хюк ярьжээ.
“Би харанхуйг гэрэлтүүлж байгаадаа баяртай байна. Энд нойрсож буй хүмүүс бүгд ардчиллыг үндэслэгчид юм” гэж Чун У Вон дурсгалын цогцолборын зочны дэвтэрт бичсэн байна.
Нью-Йорк хотод амьдардаг Чун У Вон өнгөрсөн Мягмар гарагт Өмнөд Солонгост ирсэн юм. Түүнийг Инчоны нисэх буудалд ирмэгц нь мансууруулах бодисын хэргээр саатуулж байв. Тэрбээр 38 цаг шалгагдсаны дараа суллагдсан юм.
Дарангуйлагч агсан Чун Ду Хван эх орондоо амьдарч байгаад 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд 90 насандаа таалал төгсжээ.
Эх сурвалж: Korea Times


