ДэлхийдОнцлохЭрүүл мэнд

Чернобылийн хамгаалалтын давхарга үүргээ гүйцэтгэхээ больсон гэв

Чернобылийн атомын цахилгаан станцыг бүрхсэн байдаг хамгаалалтын давхарга энэ оны эхээр нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөн. Үүнээсээ хойш хамгаалалтын үүрэг гүйцэтгэж чадахаа больсныг НҮБ-ын хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг мэдэгдэв. 1986 оны цөмийн гамшгийн дараа баригдсан аварга байгууламж үндсэн аюулгүй байдлын үүргээ алдсан болохыг тус агентлаг тодорхойлсон аж.

Цөмийн станцыг онилсон гэж Украин энэ оны хоёрдугаар сард Оросыг буруутгасан. Гэвч Кремль үүнийг үгүйсгэдэг.

Цаашид нөхцөл байдлыг улам дордуулахгүйн тулд Чернобыльд засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдэгджээ. Харин байгаль орчны мэргэжилтэн Жим Смит харьцангуй өөр байр суурь илэрхийлж, “Энэ бол сандраад байх зүйл биш” гэлээ. Чернобылийн гамшгийн үр дагаврыг судалсан профессор Смитийн хэлснээр хамгийн том аюул бол цацраг идэвхт тоос тоосонцор юм. Гэхдээ бохирдсон тоос нь зузаан бетонтой холилдсон тул эрсдэл нь багассан гэж тэр хэлжээ.

Чернобылийн ослоор агаарт цацраг идэвхт бодис цацагдаж, Европ даяар эрүүл мэндийн онц байдал үүсгэж байв. Үүнээс болоод тухайн үеийн ЗХУ цөмийн реакторын дээгүүр хамгаалалтын бунхан барьсан билээ. Хамгаалалтын бунханы ашиглалтын хугацаа 30 жил. Иймд дараагийн 100 жилд цацраг идэвхт бодис тархахаас сэргийлэх хамгаалалтын бүрхүүл шаардлагатай болоод буй.

Олон улсын атомын энергийн агентлаг арванхоёрдугаар сар гарснаас хойш Украины эрчим хүчний дэд бүтцийг үнэлэх ажлыг хийж байна. Энэ хүрээнд зөвхөн Чернобылиэр тогтохгүй цөмийн аюулгүй байдал, хамгаалалттай холбоотой дэд станцуудыг шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %