Хятадын видео тоглоомын салбарт хөлжсөн тэрбумтан Шү Бо (Xu Bo) тээгч эхийн үйлчилгээгээр дамжуулан хэдэн зуун хүүхдийн эцэг болсон байж магадгүй гэх мэдээлэл олны анхаарлыг татаж, хүчтэй маргаан дэгдээв.
Тэрээр алдарт Fantasy Westward Journey MMORPG тоглоомыг хөгжүүлж, Гуанжоу хотод төвтэй Duoyi Network компанийг үүсгэн байгуулснаараа танигдсан нэгэн. Гэвч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, хүүхдийн талаар хийсэн маргаантай, ялгавартай өнгө аястай мэдэгдлүүд нь түүнийг олон нийтийн шүүмжлэлд өртүүлэх болсон юм.
Саяхан The Wall Street Journal сонин түүнийг АНУ дахь тээгч эхийн агентлагуудаар дамжуулан 100-аас дээш хүүхдийн эцэг болсон хэмээн мэдээлсэн. Үүнийг Duoyi Network ч үгүйсгээгүй бөгөөд “олон жилийн хүчин чармайлтын үр дүнд 100 гаруй хүүхэдтэй болсон” гэж мэдэгдсэн байна.
Гэвч энэ тоо бодит байдлаас хавьгүй бага байж магадгүй. Шү Ботой 14 жилийн турш хамт амьдарч байсан экс хамтрагч Тан Жин түүнийг зөвхөн өөртэй нь харилцаатай байх хугацаандаа 300-аас дээш хүүхдийн эцэг болсон гэж мэдүүлжээ. Тэд 2009 онд танилцаж, гэрлээгүй ч удаан хугацаанд хамт амьдарсан бөгөөд одоо санхүүгийн маргаанд орсон байна.
Тан Жин “300 хүүхэдтэй асар том ‘гэр бүлийг’ тэжээж, асрахад асар их зардал гарсан. Миний авсан мөнгөний дийлэнх нь өдөр тутмын амьдралын зардалд зарцуулагдсан” хэмээн ярьсан нь Хятадын хэвлэлүүдээр цацагдсан юм.
Шү Бо өөрөө ч олон жилийн турш хүүхэдтэй болох тухай этгээд, шуугиан тарьсан байр суурь илэрхийлж иржээ. 2023 онд тэрээр сошиал сүлжээгээр “дор хаяж 50 чанартай хүүтэй болох зорилгоор найз бүсгүй хайж байгаагаа” гэж зарлаж, хөвгүүдийг охидоос “давуу” гэж ил тод мэдэгдсэн байна. Бүр өөрийн сошиал хуудасны танилцуулгаа “Олон хүүхэдтэй бол бүх асуудал шийдэгдэнэ” гэж сольж байв.
Тэрээр өөрийгөө “нэг саяд нэг тохиох элит эр” хэмээн тодорхойлж, 50 хүүгийнх нь дор хаяж 10 нь дээд түвшний амжилтад хүрнэ гэж сайрхаж байсан удаатай. Мөн өмнөх хамтрагч Тянь Жинтэйгээ 11 хүүхэдтэй бөгөөд одоогоор хоёр охиныхоо асран хамгааллын төлөө шүүхэд маргалдаж байгаа аж.
Өөрийгөө “Хятадын анхны аав” гэж нэрлэдэг энэ хүний яг хэдэн хүүхэдтэй нь одоогоор тодорхойгүй хэвээр…
Гэвч Хятадад тээгч эхийн үйлчилгээ хууль бус тул дотоодын шуугиан, олон нийтийн эсэргүүцэл түүний төлөвлөгөөнд томоохон саад учруулж мэдэхээр байна.
“Хэн нэгэн түүнийг зогсоож чадах уу? Мөнгө ихтэй гээд хүүхдийг мал шиг олноор нь ‘үржүүлж’ болох уу? Хүүхэд бол амьд оршихуй, туршилтын объект биш” хэмээн нэгэн хэрэглэгч Weibo дээр ууртайгаар бичжээ.


