Францын Ерөнхий сайд асан Мишель Барниерын дэвшүүлсэн 2025 оны төсвийн төсөл сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарснаар огцорч, шинэ Засгийн газар бүрдүүлэх шаардлагатай болсон. Ерөнхийлөгч Эммануэль Макрон арав хоногийн өмнө Боловсролын сайд асан, гурван ч удаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан төвийг сахих үзэлтэй Ардчилсан хөдөлгөөн намд харьяалалтай 73 настай Франсуа Байруг Ерөнхий сайдаар нэрлэсэн билээ.
Тэгвэл Макрон, Байру нар хамтран шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлж, Елисейн ордноос шинээр томилсон Засгийн газрын гишүүдийг танилцууллаа. Ерөнхий сайд Байру болон шинэ танхимын гишүүд хамтран ирэх оны төсвийг яаралтай батлуулах шаардлагатай байгаа юм.
Макроны хувьд нэг жилийн дотор дөрөв дэх Засгийн газартайгаа ажиллаж эхэллээ. Шинэ Засгийн газрын танхим бүрдүүлж, ирэх оны төсвийг парламентаар батлуулж чадвал Макрон 2027 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах хүртэл огцрох айдсаас холуур тойрч болох юм.
Францын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хариуцаж байсан 66 настай Эрик Ломбард Сангийн сайдаар, өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдын суудлаас огцорсон Элизабет Борне Боловсролын сайдаар, Хуульзүйн сайдаар Дотоод хэргийн сайд асан Жерард Дарманиныгтус тус томилжээ. Харин Дотоод хэргийн сайд Бруно Ретэйллу, Гадаад хэргийн сайд Жан Ноэл Барроот, Батлан хамгаалахын сайд Себастиен Лекорну, Соёлын сайд Рачида Дати нар хэвээрээ үлджээ.
Өөрөөр хэлбэл энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүний тал нь хуучин сайд нар байгаа аж. Мөн ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогчид шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтжээ.
Францын парламентын хуралдаан нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл завсарлана. Байругийн сайд нарын зөвлөл нэгдүгээр сарын 3-ны өдөр хуралдаж, 14-ний өдөр хөтөлбөрөө танилцуулахаар товлоод байна.
Дашрамд мэдээлэхэд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах үйл явдал Францын хамгийн ядуу бүс Майотт арлын хохирогчдод хүндэтгэл үзүүлж, гашуудал зарлах үйл явдалтай зэрэгцжээ. Чидо хар салхинд өртсөн Майотт арлын оршин суугчдад хүндэтгэл үзүүлж Ерөнхийлөгч Макрон тэргүүн хатагтайн хамт бусад албан тушаалтнуудтай дуугаа хураасан байна.


