ДэлхийдОнцлох

Украины армийн сөрөг давшилт эхэлснийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин хүлээн зөвшөөрөв

Удаан хугацаанд яригдсан Украины армийн сөрөг давшилт Пүрэв гарагт эхэлснийг олон эх сурвалжууд баталж байгаа.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр анх удаа энэ талаар ам нээжээ.

Тэрбээр Сочи хотод сэтгүүлчидтэй уулзахдаа “Украины сөрөг давшилт эхэлснийг баттай хэлж болохоор байна. Стратегийн нөөцөө ашиглаж эхэлсэн нь үүний нотолгоо юм” гэж ярьсан байна.

“Орос цэргүүдийн эр зориг, зөв зохион байгуулалтын ачаар Украины тал аль ч хэсэгт зорилгодоо хүрч чадаагүй байна” гэж Путин хэлсэн юм. Гэхдээ бас Украины армид боломж байгааг тэр үгүйсгээгүй байна.

Орос улс орчин үеийн зэр зэвсгээр дутмаг байгаа нь үнэн боловч зэвсгийн үйлдвэрлэлийн салбар нь хурдтай хөгжиж байгааг тэр энэ үеэр онцолжээ.

Өчигдөр бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үерт автсан бүс нутгаас буцаж явах замдаа галт тэрэгнээс хийсэн видео мэдэгдэлдээ сөрөг давшилтын талаар цухас дурдсан юм.

Бахмут хотын орчимд амжилттай давшсан цэргүүддээ тэр энэ үеэр талархал илэрхийлжээ.

“Бид бүх нарийн ширийн зүйлсийг харж байгаа. Гэхдээ өнөөдөр энэ тухай ярих цаг биш” гэж Зеленский хэлээд илүү дэлгэрэнгүй ярихаас зайлсхийсэн байна.

Өчигдөр Украины батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр өмнөд фронт дээр ширүүн тулаан үргэлжилж байгааг мэдээлжээ.

Түүний мэдээлэлд өгүүлснээр давшилт Запорожье мужийн Велика Новосилка тосгоны чиглэлд үргэлжилж байгаа бөгөөд фронтын шугамаас зүүн зүгт 50 км зайтай оршдог Орихов тосгоны орчимд Оросын цэргүүд идэвхтэй хориглон тулалдаж байгаа гэнэ.

Оросын албаныхан болон батлан хамгаалахын блоггерууд Баасан гарагийн шөнө дээр дурдагдсан газруудад тулаан үргэлжилж, Украины тал их хохиролтойгоор багахан хэмжээнд урагшилж чадсан тухай мэдээлжээ.

Мөн тулааны талбарт устгагдсан Германы Leopard танк, АНУ-ын Bradley хуягт машины гэрэл зургийг тараасан байна.

Вашингтонд төвтэй ISW (Institute for the Study of War) хүрээлэнгийн тайлан мэдээнд “Зургаадугаар сарын 7, 8-ны шөнө Запорожье мужийн баруун хэсэгт хийсэн давшилтдаа Украины зэвсэгт хүчин бага боловч мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргалаа. Эхлээд Украины тал хамгаалалтын нэгдүгээр шугамыг нэвтэлж, Оросын цэргүүд хоёрдугаар шугам руугаа ухарсан. Дараа нь Оросын нөөц хүч нэгдүгээр шугамаа буцааж авахаар довтолсон байна” гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %