Нийслэлийн Засаг дарга нарын 20 жилийн хугацаанд олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг ил болгосон талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хэний үед хамгийн их газар олгосон нь харагдах боломжтой. Улаанбаатар хотыг хувийн хэвшлийн компани, барилгын инженерүүд бүтээн байгуулсан. Тухайн иргэн, ААН тус газрыг эзэмшиж байхдаа газрынхаа төлбөрийг цаг хугацаандаа төлж байгаа юу гэдэгт хяналт тавих боломжтой. Газрын мэдээллийн сан дээр энэхүү мэдээлэл ил болж байгаа юм.
Бид өнөөдөр эдгээр мэдээллийг ил болгосноор цаашид Хөгжлийн Банк, нүүрсний хулгай, Засгийн газрын тусгай сангууд шиг ниргэсэн хойно нь хашхирдаг байдлыг таслан зогсоох гэж байна. Mэдээлэл иргэдийн хяналтад байгаа тохиолдолд цаашид замбараагүй газар олголт олгогдохгүй байх нөхцөл бүрдлээ” хэмээв.
Мөн “Нэг талаараа шилэн ажиллагаа нь төрийн албан хаагчдыг хамгаалж байгаа юм. Цаашид зургаадугаар сарын 1-нээс өмнө Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу тусгай сангуудын мэдээллийг нээлттэй болгох үүрэгтэй. Барилга байгууламжийг ямар компани эзэмшиж байгаа мэдээллийг мөн ил болгоно. Хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм биш. Үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлж байна” гэлээ.


