АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.05.10/ хэлэхдээ, энхийн хэлэлцээнд Ираны өгсөн хариуг хүлээн авах боломжгүй гэжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ Иран руу дайныг дуусгаж, энхийн хэлэлцээг эхлүүлэх санал тавьсан юм. Тус саналыг тавьсны дараа хоёр сар гаруй үргэлжилж буй дайн дуусахад ийм хэмжээнд ойртож байсангүй гэж эх сурвалжууд мэдээлсэн. Гэвч Ираны өгсөн хариуг Трамп хүлээн авах боломжгүй хэмээснээр мөргөлдөөн удахгүй дуусна гэх итгэл найдварыг дарлаа.
Иран хариу өгөхдөө бүх фронт дээр дайныг дуусгаж, ялангуяа Ливан дахь мөргөлдөөнийг зогсоож Ормузын хоолойгоор зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах санал тавьжээ. Техран саналаа тавьснаас хэдхэн цагийн дараа Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Надад таалагдахгүй байна. Огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж бичсэн байна. Үүний дараа газрын тосны үнэ 3 ам.доллароор нэмэгджээ.
Техранаас тавьсан саналд мөн дайны хохирлыг нөхөн төлүүлж, Ормузын хоолой дахь Ираны бүрэн эрхт байдлыг онцолсон байна. Дээрээс нь АНУ-ыг Ираны хөлгүүдэд тавьсан хаалтаа цуцалж, дахин довтлохгүй гэдэгтээ баталгаа өгч, хориг арга хэмжээнүүдээ цуцлан, Ираны газрын тосыг худалдан авахыг хориглосныг зогсоох талаар багтаасан аж.
АНУ-ын хувьд баяжуулсан уран, баллистик пуужингийн хөгжүүлэлт гэх мэт маргаан дагуулаад буй асуудлыг хэлэлцэхээс өмнө дайныг зогсоох санал тавьсан. “Wall Street Journal” нэрээ нууцалсан эх сурвалж эш татан мэдээлэхдээ Иран өндөр түвшинд баяжуулсан уранаа шингэлж, гуравдагч орон руу шилжүүлж болно гэжээ. АНУ-ын хувьд тус ураныг хурааж авах хүсэлтэй байгаа.


