Спорт

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Допингийн шинжилгээний хариуг “аргалах” боломжгүй.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА)-аас залилангийн шинжтэй үйлдэлд сэрэмжлүүлэг гаргажээ.

Учир нь тус байгууллагын ажилтан, албан тушаалтны нэрийг ашиглан “допингийн шинжилгээний хариуг өөрчилж өгнө”, “эрх хасалтын асуудлыг шийдвэрлэж өгнө”, “эрхийг сэргээж өгнө” гэх зэргээр бусдыг төөрөгдүүлж, мөнгө авсан байж болзошгүй талаар манай байгууллагад мэдээлэл ирсэн байна.

Уг мэдээллийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, холбогдох баримтын хамт цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Допингийн шинжилгээ, үр дүнгийн удирдлага, эрх хасах болон эрх сэргээх асуудал нь зөвхөн Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм, Дэлхийн допингийн эсрэг код болон холбогдох олон улсын стандартын дагуу шийдвэрлэгддэг бөгөөд хэн нэгэн хувь хүн, зуучлагчийн оролцоогоор “аргалах”, өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй.

Иймд иргэд, тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод та бүхэн ийм төрлийн санал, амлалт, мөнгө нэхсэн аливаа үйлдлээс сэрэмжилж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага болон Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад мэдэгдэхийг сануулав.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %