ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийхээр мягмар гарагийн орой /2026.05.19/ Бээжинд газардсан. Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж хоёр орны болон олон улсын асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна.
Түүнийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И угтан авч, нисэхийн зурвас дээр хоёр улсын тугийг барьсан залуус зогсож байв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадад айлчилж Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцсэнийг дэлхий нийт анхааралтай ажигласан. Путин, Ши Жиньпин нарын уулзалтаас гарах үр дүнг олон улс мөн сайтар ажиглаж, Трампын айлчлал ямар үр дүнд хүрсэнтэй харьцуулах болно.
2024 оны тавдугаар сард Путин БНХАУ-д айлчлах үед хоёр улсын удирдагч Жуннаньхай цогцолборт цай ууж хэлэлцсэн юм. Харин Трамп өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинтэй тус цогцолборын цэцэрлэгт хүрээлэнгээр алхсан нь илүү тавилттай, зохиомол мэт санагдсан гэж шинжээчид үзэж буй.
Австралийн Үндэсний их сургуулийн Номхон далайн хэргийн тэнхимийн ахлах судлаач Грэм Смит “Бээжин дэлхийн анхаарлын төвд байх дуртай. Энэ айлчлалыг мөн дотооддоо ч анхаарал татах хэрэгсэл болгон ашиглана” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Нэг талаараа Ши Жиньпин Путин, Трамп нарын тогтворгүй сэтгэл хөдлөлөөс ашиг хүртэж байна” гэсэн юм.
Улс төр, зэвсэгт хүчин болон эдийн засгийн хувьд эрс зөрчилтэй хоёр гүрний удирдагч дараалан айлчлал хийж буй нь БНХАУ-ын дэлхийд эзлэх байр суурийг хүлээн зөвшөөрч буй явдал гэж Хятадын төрийн өмчит телевиз мэдээлжээ.
Бие биеэ дотны найз хэмээн дууддаг хоёр улсын удирдагч 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө хязгааргүй түншлэлийн харилцаа үүсгэж буйгаа мэдэгдсэн билээ. Дайн эхэлснээс хойш хоёр улсын эдийн засгийн харилцаа улам гүнзгийрсэн.
Өнгөрсөн жил БНХАУ, ОХУ-ын худалдаа буурсан бол одоо буцаж сэргээд байгаа юм. 2025 онд хоёр улсын худалдаа 240 тэрбум ам.доллар байжээ. Энэ нь 2024 оноос 6.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар тэдний худалдаа 16.1 хувиар өсжээ.
2025 онд худалдаа буурсан чиг хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж Путин хэлсэн байна. Дайны улмаас барууны орнуудтай худалдааны харилцаа нь бараг тасарсан тул БНХАУ бол ОХУ-ын эдийн засгийн хувьд амин чухал ач холбогдолтой юм. Путинийг дагалдан сайд нар, төрийн өмчит компаниуд болон томоохон банкнуудын захирлууд яваа.
Кремль мэдэгдсэнээр энэхүү айлчлалаар 40 баримт бичигт гарын үсэг зурж, 47 хуудас бүхий хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна. Мөн Путин, Ши Жиньпин нар дэлхийд олон туйлт дэг журам болон шинэ төрлийн олон улсын харилцаа тогтоох талаар хамтарсан тунхаглал гаргах аж. Кремль энэ удаагийн айлчлалд томоохон хүлээлт тавиад байгаа гэдгээ мөн мэдэгдсэн байна.


