Өнгөрсөн долоо хоногт Балканы хойгийн Серби улсад галт зэвсэгтэй аллага дараалан гарч, дэлхий дахины анхаарлыг татсан билээ.
Эхлээд 13 настай хүү нийслэл Белград хотын нэг сургуульд найман хүүхдийг харуулын хамт буудан алсан хэрэг гарсан юм.
Энэ үеэр өөр зургаан хүүхэд, нэг багш шархдаж байв.
Үүнээс хоёр хоногийн дараа Сербийн төв бүсийн нэг тосгонд галт зэвсэгтэй 21 настай эрэгтэй найман хүнийг алж, 14 хүнийг шархдуулсан юм.
Дараалсан аллагуудын дараа Сербийн ерөнхийлөгч Александр Вучич иргэдэд сайн дураар галт зэвсгээ хураалгах өршөөлийн хугацааг Даваа гарагаас эхлэн зарлажээ.
Өнгөрсөн өдрүүдэд тус улсын иргэд хууль бусаар эзэмшиж байсан 3,000 орчим галт зэвсгээ сайн дураар эрх баригчдад хураалгасан тухай Вучич өчигдөр мэдээлсэн байна.
1990-ээд оны Югославын дайны дараа Серби улсын иргэдийн гар дээр байлдааны зориулалттай их хэмжээний хууль бус галт зэвсэг үлдсэн гэдэг.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд галт зэвсгээсээ сайн дураар татгалзсан иргэдэд өршөөл үзүүлэх аян хэд хэдэн удаа зохион байгуулагдаж байжээ.
Одоо Серби улс 100,000 хүн амд оногдох галт зэвсгийн тоогоор дэлхийд АНУ, Монтенегро улсуудын дараа гуравт эрэмбэлэгддэг юм.
Эх сурвалж: Reuter


