Нийслэлийн цагдаагийн удирдах газраас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
БНХАУ-ын иргэн Д гэх этгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулан, Монгол Улсын иргэн Б, Г нарыг ажиллуулан автомашины нүүрсэн янданг худалдан авдаг. Тухайн нүүрсэн янданг нунтаглахад нэг ширхэг яндангаас 500-900 грамм бодис гардаг бөгөөд, 500 кг-аар гаалийн бүрдүүлэлт хийж хилээр экспортолдог байжээ.
Тухайн газарт хоёр жил дөрвөн сар ажилласан иргэн Б-гийн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд дээрх хугацаанд 2 тэрбум 600 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Гэмт хэргийн замаар алдагдсан нүүрсэн яндан буюу катализаторыг хоёрдогч түүхий эд авдаг цэгүүд, ченж нар худалдан авдаг аж.
Мөн гадаад улсаас автомашин импортолдог ААН, иргэд болон автомашин эзэмшигч нар хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд зарж борлуулж байна.
Монгол Улсын хилээр их хэмжээний нүүрсэн яндангийн нунтаг бэлдцийг хаягдал гэсэн нэршилтэйгээр экспортолж байгаа талаар Гаалийн байгууллагын судалгаанд дурджээ.
-НЦУГ-ын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал:
-Иргэд автомашин худалдан авах, сольж, борлуулахдаа нүүрсэн янданг харж хэвшихийг уриалж байна. Автомашины нүүрсэн янданг байгаа эсэхийг гагнуур хийсэн эсэх байдлаар мэдэх боломжтой.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 39,857 кг нүүрсэн яндангийн шүүлтүүр Монгол Улсын хилээр гарсан байна. Энэ бол эмзэглүүштэй тоон мэдээлэл. Тиймээс бид хэлэлцүүлэг хийж, гэмт хэргийн талаар тодорхой мэдээлж байна.


