Ням гарагийн орой дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэгддэг Илон Маск өөрийгөө Твиттер компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцруулах нь зөв эсэх талаар санал асуулгыг зохион байгуулж байв.
Түүний санал асуулгад нийт 17 сая гаруй хүн оролцсоны 57.5 хувь нь огцруулахыг дэмжсэн юм.
Маск санал асуулгын үр дүн ямар гарахаас үл хамааран захирагдахаа амлаж байжээ.
Харин өчигдөр буюу Мягмар гарагт тэрбээр өөрийг нь орлох хүн олдмогц үүрэгт ажлаа шилжүүлэх тухай мэдээлсэн байна.
“Энэ ажлыг хийх хангалттай тэнэг нэгнийг олсныхоо дараа би гүйцэтгэх захирлын албан тушаалаа шилжүүлнэ. Дараа нь би зөвхөн программ хангамж, үйлчилгээний багийг ахлах болно” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.
Маск аравдугаар сарын сүүлээр дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг $44 тэрбумаар худалдан авч дуулиан тарьсан юм.
Өнгөрсөн хоёр сар орчим хугацаанд тэр Твиттер компанийн ажиллах хүчний 50 хувийг цомхотгож, бизнес, үйлчилгээтэй нь холбоотой хэд хэдэн маргаантай өөрчлөлтийг нэвтрүүлж байв.
Тэрбээр давхар Tesla, SpaceX зэрэг компаниудыг хариуцаж ажилладаг. Тиймээс түүнийг Твиттерийн өдөр тутмын ажлаас холдож, бусад бизнестээ илүү анхаарал хандуулах ёстой гэж хөрөнгө оруулагчид үзэж байлаа. Твиттерийн үйл ажиллагаанд хэт улайрах нь ялангуяа цахилгаан автомашин үйлдвэрлэлийн Tesla компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж олон хүн үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters


