Дэлхийд

Жэк Ма хяналтын хувиасаа татгалзах болсныг Ант Групп зарлав

Дэлхийн хамгийн том мобайл төлбөр тооцооны систем Alipay-ийг эзэмшдэг Ант Группийн хяналтын хувь эзэмшлээсээ тэрбумтан Жэк Ма татгалзаж байгааг тус компани өчигдөр зарлажээ.

Жэк Ма нь онлайн худалдааны Алибаба компанийг үүсгэн байгуулалцаж байсан ба Ант Групп нь Алибабагийн санхүүгийн бизнесийн салбар юм.

Ант Группийн гаргасан мэдэгдэлд эзэмшлийн хуваарилалтыг хэн нэгэн дангаараа шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй болгож өөрчилсөн гэжээ.

Өмнө нь Ма шууд бусаар Ант Группийн 53.46 хувийг эзэмшиж, шийдвэр гаргахад нөлөөлдөг байсан гэдэг.

Харин шинэ хуваарилалтын дагуу тэр 6.2 хувийн саналын эрхтэй болж байгаа ажээ.

Гэхдээ бүтцийн өөрчлөлт нь аль ч хувь эзэмшигчийн эдийн засгийн ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн саналыг эрхийг нь өөрчилж буйг Ант Групп мэдэгдсэн байна.

Жэк Магийн хувьд 2020 оны аравдугаар сард болсон арга хэмжээний үеэр Хятадын засгийн газрын бодлогыг шүүмжилснээсээ хойш олны нүднээс зугтах болсон юм.

Тэр үеэс хойш Бээжингийн эрх баригчид Алибаба болон тус улсын бусад технологийн аварга компаниудын үйл ажиллагааг шалгаж, хяналтаа чангатгах болсон.

Тухайлбал Ант Групп дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том IPO ажиллагааг Хонконгийн бирж дээр явуулахаар төлөвлөж байсныг эрх баригчид зогсоосон юм.

Нэг үе Хятадын тэргүүн баянд тооцогддог байсан Жэк Магийн хөрөнгө өнгөрсөн хугацаанд $25 орчим тэрбумаар буураад байгаа.

Өнгөрсөн оны сүүлээр түүнийг Японд амьдарч байгаа гэх мэдээлэл цацагдаж байв.

Харин Ант Группийн мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө түүнийг Тайландад яваа сураг гарсан байна.

Бангкок хотын Жэй Фай ресторан сошиал хуудсандаа Жэк Ма тус ресторанд зоог бариад явсныг мэдээлж, гэрэл зураг нийтэлжээ.

 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %