Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин хэрвээ сумны хангамжийг ОХУ-ын батлан хамгаалах яам нэмэгдүүлэхгүй бол тавдугаар сарын 10-ны өдөр буюу ирэх Лхагва гарагт цэргээ Бахмут хотоос татахаа дөнгөж сая мэдэгдлээ.
Энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө тэр батлан хамгаалах яамны удирдлагуудад хандаж нэгэн видео бичлэгийг цацсан юм.
Уг бичлэг дээр тэр үхсэн цэргүүдийнхээ овоолсон цогцсын дэргэд зогсоод “Бид хэрэгцээт сумныхаа 70 хувийг авч чадахгүй байна. Шойгу! Герасимов! …. сумнууд хаана байна вэ?” хэмээн хашхирч байлаа.
Нийлүүлэлтийг тасалдуулсан албан тушаалтнуудыг там руу тонилгохыг хүсэж байгаагаа хэлсэн Пригожин “Эд бол өнөөдөр алагдсан Вагнерын залуус. Цус нь шинэхэн хэвээрээ байна. Тэд энд сайн дураараа ирээд та нарыг албан тасалгаандаа таргалж суух зуур үхэцгээж байна” хэмээн ууртайгаар хашхичиж байв.
Вагнер группийн хөлсний цэргүүд сүүлийн арав орчим сарын турш Донецк мужийн Бахмут хотын төлөө тулаанд тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа юм.
Пригожин сүүлийн саруудад их бууны сумны хангамж хүрэлцэхгүй байгааг сошиал сувгаараа байнга анхааруулж, үүнд ОХУ-ын батлан хамгаалах яамны албан тушаалтнуудыг буруутган хурцаар шүүмжилж байгаа.
Эх сурвалж: BBC


