АНУ-Мексикийн хилийн нэг боомтоор нэвтрэхээр 24 цагийн хугацаанд 10,000 орчим хүн дугаарлан зогссон нь урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл болжээ.
Техас мужийн Эль Пасо боомт хотын захирагч Оскар Лэзер “Бид өмнө нь ийм өндөр ачаалалтай тулгарч байсангүй. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Манай хотын хувьд бид үүнийг удаан тэсвэрлэх боломжгүй” гэж өчигдөр ярьсан байна.
Байдены засаг захиргаа тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цар тахлын үеийн хилийн дэглэмийг цуцлахаар болсон нь дүрвэгчдийн урсгалыг огцом нэмэгдүүлэхэд хүргэжээ.
Дэглэм цуцлагдахтай зэрэгцэн АНУ-д нэвтрэх гэсэн цагаачид өнгөрсөн долоо хоногоос эхлэн боомтууд дээр урт дараалал үүсгэх болсон байна.
2020 онд анх Трампын засаг захиргааны үед зарлаж байсан “Title 42” нэртэй цар тахлын үеийн дэглэм цуцлагдвал Мексикээс ирэх хууль бус цагаачдад хил нэвтрэх боломж нэмэгдэнэ гэсэн ойлголт таржээ.
Мексикийн хил дээр үүсэж болзошгүй эмх замбараагүй байдлаас сэргийлэхийн тулд АНУ-ын эрх баригчид хилийн харуул хамгаалалтыг чангатгаад байгаа.
Одоо Мексиктэй залгадаг 3,218 км урт хилийн дагуу 24,000 орчим хууль сахиулагчийг нэмэлтээр байрлуулж, Үндэсний Гвардын олон мянган цэргийн алба хаагчаар хил хамгаалалтын хүчээ зузаатгажээ.
Мексикийн хил нь Латин Америкийн бүх улс орнуудын цагаачдын АНУ-д нэвтрэх гол зам болдог юм.
Эх сурвалж: BBC


