Аргентины шинэ ерөнхийлөгч Хавьер Милей өчигдөр буюу Ням гарагт тангараг өргөж, үүрэгт ажилдаа оржээ.
53 настай либертари эдийн засагч тангараг өргөснийхөө дараа уламжлалыг эвдэж, конгрессын үүдний шатан дээрээс дэмжигчдэдээ хандан үг хэлсэн байна.
Милей энэ үеэр өмнөх засгийн газруудаас хуримтлагдсан асар муу өвийг хүлээн авч байгаагаа илэрхийлэхдээ “Бидэнд мөнгө байхгүй” гэж шууд хэлсэн юм.
“Үүнээс гарахын тулд цочир эмчилгээ, хэмнэлтээс өөр ямар ч арга байхгүй. Богино хугацаандаа нөхцөл байдал маш их муудах болно. Харин дараа нь бид хичээл зүтгэлийнхээ үр дүнг харна” гэж тэр хэлжээ.
Аргентины улс төрд шинэ хүн болох телевизийн эдийн засгийн тоймч Милей олон арван жил засагласан Перонист улс төрчдөөс засгийн эрхийг шилжүүлэн авч байна.
“Өмнөх засгийн газар биднийг хэт инфляцын ангалд унагасан. Бид уг сүйрлээс гарахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж тэр амлажээ.
Милей энэ үеэрээ тодорхой арга зам яриагүй ч улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхүйц засварыг төсөвт хийхээ амласан байна. Ингэхдээ таналтыг хувийн хэвшилд биш, төр рүү чиглүүлэхээ мэдэгджээ.
Өнөөдөр Аргентин улсын жилийн инфляц 140 хувьд хүрч, хүн амын 40 хувь ядуурлын түвшинд амьдарч байгаа.
Милейн хэмнэлтийн эхний алхам одоогийн засгийн газрын 18 сайдыг 9 болгохоос эхлэх гэнэ.
Тэрбээр үг хэлэхээсээ өмнө тангараг өргөх ёслолд нь хүрэлцэн ирсэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй дотночлон ярилцсан юм.

Ёслолд бас ОХУ-тай найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг Европын Холбооны цорын ганц гишүүн, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан оролцжээ.
“Барууны үзэл зөвхөн Европт биш, дэлхий даяар мандаж байна” гэж Орбан сошиал хуудсандаа бичихдээ Бразилын ерөнхийлөгч асан Жайр Болсонарутай хамт авхуулсан зургаа нийтэлсэн байна.
Ердөө хоёр жилийн өмнө улс төрд орсон Милейн нэр хүнд гэрлийн хурдаар өссөн нь түүний ярьдаг уламжлалт бус эдийн засгийн бодлоготой холбоотой. Олон арван жил зүүний улс төрийн намуудаар удирдуулсан Аргентины иргэд энэ удаа эрс өөр сонголт хийсэн нь Милей байлаа.
Тэрбээр төв банкийг татан буулгах, песог халж, америк долларт шилжих тухай амлаж байв.
Гэхдээ сонгуулийн амлалт нь бодит амьдралд хэрэгжихэд хэцүү гэж ажиглагчид үзэж байна.
Милей 18-24 сарын дотор инфляцыг хяналтдаа авахаа мэдэгдсэн юм.
Олон Улсын Валютын Сан 2023 онд Аргентины эдийн засгийг 2.5 хувиар агших тооцоо гаргаад байгаа.
Эх сурвалж: AFP


