БоловсролНийгэмУлс төр

Г.Дамдинням: Боловсролын байгууллагад ажилладаг хүний нэг хүүхдийг улсын сургуульд үнэгүй сургана

Засгийн газраас 2021 онд өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр жил үргэлжилж байгаа.

Уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хууль хэлэлцэх хугацаанд Ажлын хэсэг 29, дэд ажлын хэсэг 58 удаа хуралдсан. 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр бүх хуулийг нэгтгэж, дөрвөн багц хууль болгох шийдвэрт хүрч, шинэ Ажлын хэсэг гаргасан. Уг ажлын хэсгийн миний бие ахалж байгаа бөгөөд нийт есөн удаа хуралдаад байна.

Хууль 52 зүйлтэй, 300 гаруй заалттай. 

  • Боловсролын ерөнхий хууль
  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
  • Дээд боловсролын тухай хууль
  • Мэргэжлийн боловсролын хууль гэсэн багцын хүрээнд бэлтгэгдэж байна.

Уг хуулийг боловсролын салбарын үндсэн хууль гэж ойлгож болно. Боловсролын салбарыг системийн хувьд үнэлж, аль хэсэгтээ алдаа дутагдал байгааг нь олж нээх нь чухал. Тиймээс олон улсын үнэлгээнд гурван жил тутам оруулдаг байх ёстой зохицуулалтыг тусгасан.

Боловсролын байгууллагын цалин урамшууллын өсгөхөд анхаарч ажиллах зарчмын шийдэлд хүрлээ. Багшлах боловсон хүчнээ алдаад дууссан гэхэд болно. Тэд гадагшаа явж ажил хийдэг.

Нөгөөтээгүүр ЭЕШ-д хамгийн бага оноо авсан сурагч багш болдог гэх шүүмжлэл бий. Бодит байдал ийм л байгаа. Тэгэхээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, үр дүнгээрээ урамшуулал авдаг байх зохицуулалтыг хуульд тусгана.

Хуулийн онцлох заалтаас дурдвал: 

  1. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар болон сургуулийн орчинд ажиллаж байгаа албан хаагчдын нэг хүүхдийг үнэ төлбөргүйгээр улсын сургуульд сургана.
  2. Багш нарын нийт ажлынх нь 50 хувь сурган хүмүүжүүлэхтэй холбоогүй байдаг. Иймд багшид нэмэлт ачаалал өгдөг байдлыг багасна. Үүнийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  3. Цахим боловсролын асуудлыг хуульчилна. Жишээлбэл, мужааны мэргэжилтэй хүний хүүхэд ур чадварыг нь ааваасаа сурсан байж болно. Тэгвэл тухайн хүүхэд МСҮТ-д суралцахгүйгээр шалгалтаа өгөөд мэргэжлийн үнэмлэхээ авах боломжийг олгоно. Ингэснээр боловсролын тэгш бус байдлыг арилгах давуу талтай.
  4. Үндсэн гадаад хэлийг англи хэл болгож оруулж байгаа.
  5. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг бусад хүүхэдтэй ижил орчинд сургана. Тэдгээр хүүхдэд хувьсах зардлыг тусгайлан илүү олгох тогтолцоо руу шилжинэ.
  6. Хувьсах болон тогтмол зардлыг орон нутгийн алслагдмал байдалтай уялдуулан өндрөөр тогтооно.
  7. Багш мэргэжлээр өндөр оноотой элссэн оюутныг үнэгүй сургах, их сургуулиа онц төгссөн бол өндөр цалин өгдөг болгоно.
  8. Боловсролын байгууллага ашгийн бус гэсэн хэр нь ашиг олоод байвал татвар ногдуулна, зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.
  9. Эцэг эхийн хүсэлтээр хувийн сургуулиудын санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавьдаг механизмыг хуулиар олгоно.
  10. Хувийн сургуулиудын хөтөлбөр олон улсын стандартаа биелүүлж байх, магадлан итгэмжлэлээ жил бүр авч байх үүргийг БШУЯ-наас тавина.
  11. Боловсролын хөтөлбөрийг тогтвортой байлгахад чиглэх зэрэг томоохон өөрчлөлтийг хуулиар зохицуулна” хэмээв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %