Японы эрдэмтэд далайн ёроолд амьдардаг нэг төрлийн загасны дүрсийг анх удаа камерт буулгаж чаджээ.
Pseudoliparis төрлийн уг загасны дүрсийг өмнөд Японы Изү-Огасаварагийн хонхорт 8,336 метрийн гүнд сэлж байхад нь робот шумбагч машины камераар буулгасан байна.
Өмнө нь эрдэмтэд энэ хонхроос өмнө зүгт оршдог Номхон далайн Марианы хонхорт 8,178 метрийн гүнд ажиглалт явуулж байсан бол Японы эрдэмтэд ийнхүү 158 метрээр ахиулж чаджээ.
Далайн ийм гүн харанхуй ёроолд ямар ч амьтан асар өндөр даралтыг тэсэж амьдрах боломжгүй гэж үздэг.
Баруун Австралийн Их сургуулийн эрдэмтэд 10 жилийн өмнө далайн 8,200-8,400 метрийн гүнд дээрх загасыг амьдардаг байж болзошгүй гэсэн таамаг анх дэвшүүлж байжээ.
Тэр үеэс хойш үүнийг батлах ажил олон улсын эрдэмтдийн дунд өрнөж эхэлсэн юм.
Өмнө нь үүнтэй ойр төрлийн загаснуудыг далайн 8,022 метрийн гүнээс япончууд барьж байсан нь хамгийн гүнээс баригдсан загас хэмээх дээд амжилтыг тогтоож байжээ.

Энэхүү баригдсан загас нь Pseudoliparis belyaevi хэмээх төрөл зүйл байсан юм. Харин сая камерт бичигдсэн загас нь яг аль төрлийнх болохыг одоогоор тогтоож чадаагүй байна.
Pseudoliparis загас нь дотроо 300 гаруй төрөл зүйлтэй байдаг. Тэдний ихэнх нь гүехэн усанд амьдардаг юм байна.
Зарим хэсэг нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба умард туйлын хүйтэн усанд, далайн ёроолын маш өндөр даралттай усанд дасан зохицож чадсан байдаг ажээ.
Далайн 8 км-ийн гүнд 80 мегапаскалийн даралттай байдаг нь мандал дээрх даралтаас 800 дахин өндөр гэсэн үг юм.
Желатин хэлбэрийн бие, бусад загасанд байдаг шиг хөвөлтийг удирдах хийгээр дүүрсэн давсаг байдаггүй нь тэдэнд ийм өндөр даралттай орчинд амьдрах боломж олгодог гэж үздэг.
Ийм загаснууд далайн ёроолд түгээмэл байдаг жижиг хавч хэлбэрт амьтдыг сорох замаар хүнс тэжээлээ авдаг байна.
Эх сурвалж: BBC


