Тайландын гүнж Сириваннавари Нариратана Ражаканя улсынхаа зэвсэгт хүчинд мэргэжилтний албан тушаалд томилогдож, хошууч генерал цолтой болсныг тус улсын хааны ордны албан эх сурвалж мэдээлжээ.
Хаан Маха Важиралонгкорн 36 настай охиндоо генерал цол олгох зарлигийг Баасан гарагт гаргасан юм байна. Шинэ томилгоо дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих ажээ.
Парис хотын “École de la Chambre Syndicale de la couture Parisienne” сургуулийг мастерын зэрэгтэй төгссөн гүнж одоо өөрийн “Sirivannavari” хувцасны брэндийг бүтээхээр ажилладаг юм.
Брэндээ бүтээхээр шаргуу ажиллаж, хааны ордонд ч орох завгүй байгаагаа тэр саяхан хэвлэлд ярьж байжээ.
“Амжилттай дизайнер болох төлөвлөгөө надад бий. Би бол тэмцэгч зан чанартай хүн. Миний хувцаснууд томоохон дэлгүүрүүдэд тавигдахыг би хүсэж байна. Би хэн гэдгээрээ биш, брэндээрээ танигдах хүсэлтэй. Би бас гүнж хүн ажиллаж чаддагийг харуулмаар байна” гэж тэр ярьсан байна.
Түүний эгч гүнж Бажракитиябха Нарендира Дебявати зүрхний өвчний улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш эмнэлэгт ухаангүй байгаа.
Тайландын хаан гурван удаагийн гэрлэлтээсээ нийт долоон хүүхэдтэйн ууган нь Бажракитиябха гүнж юм. Түүнийг Тайландын хаан ширээг залгамжилж, тус улсын түүхэнд анхны хатан хаан болох боломжтой гэж ажиглагчид үздэг байв.
Сириваннавари гүнжид зэвсэгт хүчний өндөр цол хэргэм хүртээсэн нь хаан ширээг залгамжлах эрх түүнд шилжиж магадгүйн илрэл болж байна.
Эх сурвалж: Bloomberg


