Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Давосын чуулганд цахимаар оролцох үедээ Оросын эсрэг тулалдахад нь шаардлагатай байгаа зэвсэг, танк, агаараас хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг Барууны холбоотон орнууддаа уриаллаа.
Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ тэрээр “Та нарын шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байх хугацааг террорист орон аллага үйлдэхэд ашиглаж байна” гэжээ.
Герман улс өөрийн оронд үйлдвэрлэдэг “Ирвэс” танкийг Украинд нийлүүлэх эсэхдээ эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Одоогоор Польш, Финлянд улсууд Украинд тус танкийг нийлүүлэхээ мэдэгдсэн.
Харин Германы Канцлер Олаф Шольц танк нийлүүлэх эсэхдээ тодорхой хариулт өгөөгүй бөгөөд Герман улс Украинд маш их хэмжээний тусламж үзүүлж байгааг сануулжээ. Герман улс Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээгээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм.
Түүнчлэн Украиныг сумаар хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Украинд орчин үеийн, маш үр дүнтэй зенитийн пуужингийн системийг нийлүүлснээ Олаф Шольц сануулан хэлсэн байна.


