ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гарагт “Цэргийн тусгай ажиллагаа”-ны бүсийн нэгдсэн штабт өөрийн биеэр очсон талаар Оросын хэвлэлээр мэдээллээ. Энэ үеэр Путин командлагч нартай тусдаа уулзалт хийж, штабын ажилтай танилцсан байна. Путины зочилсон цэргийн штабын байршил хаана байдаг нь тодорхойгүй бөгөөд түүнийг батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов, Оросын цэргийн нэгдсэн хүчний командлагч Сергей Суровикин нар дагалджээ.

Украины дайн эхэлснээс хойш 10 сарын хугацаанд Путин цэргийн штабын байранд очсон нь олон нийтэд ил болсон анхны тохиолдол аж.
Үүнээс гадна ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украин дахь фронтын шугамд зочилсон гэх мэдээлэл цацагдлаа. Сергей Шойгу цэргийн байршлын бүсийн дээгүүр нисдэг тэргээр тойрон нисэж, цэргийн тусгай ажиллагааны бүс дэх Оросын ангиудын дэвшилтэт байршлыг шалгасан гэж мэдээлэлд дурджээ.
Харин Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Черевати энэ мэдээллийг няцааж Оросын батлан хамгаалахын сайдыг өөрийн биеэр дайны бүсэд фронтын шугам руу зочлох эр зоригтой гэдэгт нь итгэхгүй байна гэжээ. Мөн ОХУ цэргүүдийнхээ сэтгэл санааг дээшлүүлэхийн тулд Украин дахь фронтын шугам руу хөгжимчид, дуучид, циркийн уран бүтээлчдийн багийг илгээхээр болсон гэх мэдээлэл байна.


