ОнцлохУлс төрШуурхай

Б.Баттөмөр: Үнэндээ жинхэнэ хулгайчид “Тавантолгой” ХК-ийн захирлуудаас эхлээд цаана нь байж байгаа

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласантай холбоотойгоор УИХ-ын таван гишүүн мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Би нам дотроосоо хамгийн анх авлигал гэдэг зүйлийг ярьж, гаргаж тавьж байгаа хүн. Авлигал хаана их байна, тэнд хөгжил сул байдаг. Монголын авлигал ардчилагдсан буюу ил тод болчихсон гэдгийг би анх хэлсэн.

Мөн миний ярьдаг нэг зүйл бол далд эдийн засаг. Монгол Улсын эдийн засагтай тэмцэх хэмжээний далд эдийн засаг урд хил дээр байна гэж Ерөнхий сайд ч хэлсэн. Энэ бол үнэн. Ийм далд эдийн засаг дотор нүүрсний хулгай байгааг ил болго гэж би байнга ярьдаг. Гэтэл надад үүний төлөө сануулга өгөх гэж байгаа юм уу гэмээр энэ асуудалд миний нэрийг холбож байна.

Би Тавантолгой гэдэг газрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Хэрвээ очихоор бол хүнээр л заалгаж очно. Тэр хулгай нүүрлэчихсэн Эрдэнэс Тавантолгойн оффис хаана байдгийг ч мэдэхгүй. Захирал Б.Ганхуяг гэж хүнийг нь зүгээр л зүс танина. Түүнээс биш уулзаж байгаагүй. Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна.

Хүний нэр төрд ингэж халдаж байгаа бол асуух хэрэгтэй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглэсэн компанийн эзэмшилд Өмнөговийн Цогтцэцийд 2-3 шатахуун түгээх станц байдаг. Тухайн станцаас тэнд төмөр зам тавьдаг компаниас эхлээд хүмүүс автомашинууддаа гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлээд шатахуун авдаг. Энэ бол зүгээр л өдөр тутамд байдаг бизнесийн харилцаа. Өөр надад юу ч байхгүй. Хэрвээ би тэнд машин явуулдаг, хулгай хийсэн асуудал байвал шууд хариуцлага хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэнэ” гэв.

“Зүгээр гудамжны хөдөлгөөнийг дарж, амыг нь хаахын тулд хэдэн хүний нэр гаргаж байна”

Үргэлжлүүлэн “Хулгайг илрүүлэхийн төлөө хэлж ярьсан болохоор амыг нь хаахаар эсвэл 2024 оныхоо сонгуультай холбоотой ингэж байна уу. Ийм зүйлтэй хатуу тэмцэнэ. Хулгай хийсэн гэж үзэж байгаа бол ямар хулгай хийснийг нэр дурдагдсан хүмүүст нь хэлэх хэрэгтэй. Үнэндээ жинхэнэ хулгайчид “Тавантолгой” ХК-ийн захирлуудаас эхлээд цаана нь байж байгаа.

Казахстанд орон сууцны хороолол барина гэж байгаа нь ч ойлгомжтой. Нүүрсээ цаашаа гаргаад тэр мөнгөөрөө барилгын материал аваад Казахстанд орон сууцны хороолол барьж байна гэж бичээд л байна.

Дахин хэлэхэд, би Б.Ганхуяг гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Зүгээр ийм хүн байдаг гэж зүс л мэднэ. Бас тэр Б.Ганхуяг гэдэг хүн бидний нэрийг нэрлээгүй байх гэж бодож байна. Зүгээр гудамжны хөдөлгөөнийг дарж, амыг нь хаахын тулд хэдэн хүний нэр гаргаж байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %