“Миний хүүхэд насыг нандигнаач..”

2022-12-11 349 0

Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ.

Хүүхдийн эрхийн тухай хуулиас…

“Миний хүүхэд насыг нандигнаач, би өдөр бүр сайн охин байсан” хэмээн уйлах Хятад охины бичлэг цахим орчинд тарлаа. БНХАУ-ын Тяньжинь хотын бага сургуулийн сурагч тэрээр Ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадна аавынхаа сонгож өгсөн дугуйлан, дамжаанд явж өдрийг завгүй өнгөрүүлдэг гэнэ. Түүнд бусад хүүхдийн адил тоглож наадах цаг огт гардаггүй болохоор ийнхүү уйлсан ажээ. Бидэнд мэдэгдэж, харагдсан нь л энэ охин болохоос биш, өдгөө манайд, бараг айл бүрд ийм гомдол тээн чимээгүйхэн хичээлдээ л шамдах хүүхдүүд өсөж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй.

“Намайг тамирчин, модель болохын хажуугаар хичээлдээ сайн бай гэдэг. Тэр нь жаахан хэцүү”

11 настай сурагч М

“Өөрсдөө бага байхдаа явж чадаагүй сургалт, лекцдээ намайг хүчээр битгий явуулаач. Би усанд сэлэх дургүй шүү дээ…”

11 настай сурагч Г

“Аав, ээжийн хүссэн хүүхэд нь байж чаддаггүй. Би өөрийгөө захиалж төрдөггүй байхад намайг битгий гоочлооч”

13 настай сурагч Б

“Аав, ээж хоёр намайг заавал эмч болох ёстой гэж хичээлээр шахдаг. Уг нь би дуучин болохыг хүсдэг. Даанч ингэж хэлбэл аав уурлана. Тэд юу хийхийг минь заахаа хэзээ болих бол…”

15 настай сурагч С

“Хичээлийн дараа гадаа жаахан тоглолоо гээд муу зүйл болохгүй шүү дээ”

12 настай сурагч Ж

Хүүхдийн авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, тэдний боловсролд анхаарах нь буруу биш. Аав, ээжүүд үүнд тэмүүлэх нь зүй. Гэхдээ аливаа зүйлийн тун хэтрэхээрээ хор болдог. Өдгөө зургаахан насандаа сургуулийн босго алхаж буй хүүхдүүдэд юм бүхэн шинэ. Түүнээс ирэх дарамт ч их. Гэтэл үүн дээр нэмээд элдэв дугуйлан, секцээр шахаж байгаа нь хүүхдийн сэтгэл зүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

Анх 2008-2009 оны хичээлийн жилд зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбоотойгоор зургаан настай хүүхдийн бие махбодь, сэтгэхүй нь Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хөтөлбөрийг дийлэхгүй гэж судлаачид хэлж байлаа. Хичээлийн шинэ жил эхлэх бүрд эцэг, эхчүүд энэ шийдвэрийг эргэж харах хэрэгтэй гэж сануулдаг.

“Миний хүүхэд насыг нандигнаач..”Сэтгэл зүйч Ц.Шинэдолгор

Зургаатай болон наймтай хүүхдийн бие бялдар, сэтгэл зүй өөрийн онцлогтой. Найман настай хүүхэд юмсыг хурдан ойлгодог бөгөөд танин мэдэхүйн чадвар нь зургаатай хүүхдийнхээс өндөр. Хэдийгээр гаднын улсуудад зургаан настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцуулдаг ч гэсэн насны онцлогт тохирсон хөтөлбөр  хэрэгжүүлдэг. Тухайлбал, хүүхдэд аливааг ойлгуулахдаа тоглоом тоглуулах, таавар таалгах зэрэг аргыг түлхүү ашигладаг.  Гэтэл манайд зургаан настай хүүхдүүдэд өмнө нь найман настай хүүхдүүдэд орж байсан сургалтын хөтөлбөрөөр хичээл орж байна. Үүнээс болоод хүүхэд хичээлээ ойлгохгүй байх, улмаар хичээлийн хоцрогдолтой болох, гэрийн даалгавар хийхээс халширч байна.

Дөнгөж зургаан настай, сургуулийн босго алхаад айх, гайхах, дасан зохицох гээд олон зүйлтэй нүүр тулж байгаа хүүхдүүдээ аав ээжүүд нь хичээлээс гадуурх сонгон, дугуйланд давхар хамруулдаг. “Даарин дээр давс нэмэв” гэгчээр энэ нь хүүхдүүдэд тус болохоосоо ус болох нь бий. Ингэхдээ ихэнх эцэг эхчүүд аль болох үнэтэй, гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй, ачаалал ихтэй дугуйланг сонгодог. Энэ их ачаалал хүүхдийг залхааж, сурах сонирхлыг нь бууруулдаг бөгөөд сэтгэл зүйд нь дарамт болж байна.

Зургаан настай хүүхдийг сургуулийн босго алхуулах дээрх шийдвэр гарахаас өмнө ч хүүхдээ аль болох балчир байхад нь сургуульд оруулах сонирхолтой эцэг, эхчүүд байсаар ирсэн. Ингэснээр хүүхдийн оюун ухаан илүү сайн хөгждөг гэж үздэг байв. Мөн үеийнхнээсээ түрүүлж ажил амьдралын гараагаа эхлүүлж, карьер хөөх цаг хугацаатай болно гэж зөвтгөдөг байлаа. Гэтэл бодит байдал дээр энэ нь хүүхдүүдэд дарамт болохоос цаашгүй байсан гэдгийг тэдний төлөөлөл хэлж байна.

Иргэн Б.А

ЕБС-д найман настай хүүхдүүд элсдэг байхад ээж намайг зургаан насанд минь сургуульд оруулсан юм. Анх нэгдүгээр ангийн сурагч болоход үе тэнгийн найзуудаасаа нэг алхмын урд алхаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тухайн үед өөрийгөө том хүн болсон юм шиг төсөөлдөг байлаа. Тэгээд л ээжийн авч өгсөн нэг үүргэвчтэй бор цүнхийг ташуулдаж үүрчхээд гудамжаар пээдгэр алхдаг байлаа шүү дээ. Харин их өөдрөг байсан сэтгэл минь үсэг, тоо заалгаснаар буурсан юм. Үсэг цээжлэх, тоог нь бодох гэж ангийн багш, аав, ээждээ их загнуулсан. Хичээлээ ойлгохгүй байна гээд нэг шөнөжингөө хуулан бичлэг хийж хонож билээ. Ээж хажууд суучихсан. Тэр үеийг мартдаггүй юм. Ер нь 10 жилд байхад ангийнхнаасаа биеэр жижиг байсан. Зарим хичээлийг ерөөсөө ойлгохгүй багшдаа загнуулах үе байсан. Одоо би гуравдугаар курсийн оюутан. Хэрэв насандаа нэгдүгээр ангид орчихсон бол үе тэнгийн хүүхдүүдтэй хамт суралцах байсан гэх битүүхэн харамсал байдаг. Учир нь би багшийн заасан хичээлийг ангийнхан дунд хамгийн удаан ойлгодог байсан юм. Тиймээс л ижилхэн настай хүүхдүүдтэй хамт суралцсан бол адилхан хичээлээ ойлгох байсан байх гэж хааяа боддог. 

Асуудлын эзэд

Эцэг, эхчүүд юуны төлөө хүүхдийнхээ хүүхэд наснаас хулгайлан байж тэднийг амжилтад хүргэхээр улайрдаг вэ. Үр хүүхдийнхээ ирээдүйг өнгөлөг байгаасай гэсэндээ тэр байх. Нөгөө талаас өөрсдийн хүрч чадаагүй амжилтад хүргэхийн төлөө тэмүүлдэг аж. Хэдийгээр аавынхаа хүрээгүйд хүү нь хүрдэг хэмээн бид ярьдаг ч заавал ингэх албагүй юм. Энэ үзэгдлийг  судлаачид дутуугийн комплекстой холбон тайлбарлажээ. Тэдний үзэж буйгаар өөрийн дутуугийн мэдрэмжийг хүн удаан тээж явж чаддаггүй бөгөөд энэ нь даамжрахаараа дутуугийн комплекс болдог байна. Үүний адил амжилтад хүрч чадаагүй дутуугийн мэдрэмж нь удаан үргэлжилсний улмаас өөрийн хүрч чадаагүй оргил руу хүүхдээ явуулахад бэлтгэдэг ажээ.

“Миний хүүхэд насыг нандигнаач..”Хуульч О.Батхүү

Хүүхэд таны дутуугийн комплексыг дүүргэх гэж төрөөгүй. Эмэгтэй хүн бол төгөлдөр хуур, балетаар хичээллэх хэрэгтэй. Эрэгтэй хүн бүр бөх болох хэрэгтэй гэх хандлага бий. Хэрэв хүүхэд дургүйцвэл би чамайг хайрладаг. Энэ бүхэн чиний төлөө гээд ял нэхдэг. Хүүхэд бол бие хүн. Тэд хэнд ч өргүй, хэний ч ачийг хариулах үүрэггүй.

Хүүхэд гэдэг дэвтрийн цагаан цаастай адилхан хиргүй цагаан, тунгалаг. Тэднийг тоглуулж, хайрлаж, хамгаалж байвал хамгийн жаргалтай. Гэтэл хүүхдийг мэдээ орсон цагаас нь эхлээд зөвхөн суралцах гэсэн кодоор бүтээгдсэн машин мэт ажиллуулж байгаа нь харгислал. Бидний хэнд нь ч хүүхэд нас ахиад олдохгүй. Хүн бүр төгс, амжилттай нэгэн байх албагүй. Бид насанд хүрээд амьдралын жаргал зовлонг бага ч атугай мэдэрч, асуудал, сорилт, стресс бухимдалтай нүүр тулах үедээ бага насны жаргалтай үе, гэгээн дурсамжаа бодоод сэргэх үе байдаг. Тиймээс хүүхэд насыг хүүхдэд үлдээе. Тэднийг тоглож наадах цагтай өсгөе.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`