Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Монголын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-наас 30-ныг дуустал “M bank arena”-д болох юм.
Нийт 12 баг найман эрхийн төлөө хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Тодруулбал Монголын шигшээ баг F хэсэгт Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижи багтай орсон. Манай улсын шигшээ баг энэ сарын 26-нд Индонез, 27-нд Хонконг, 29-нд Малайзын багтай тоглоно.
Өнөөдөр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ноос шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.
Энэ удаагийн шигшээд
- Ш.Энхийн-Од,
- Н.Батбаяр,
- А.Азбаяр,
- Х.Оргил,
- С.Биндэръя,
- М.Өлзий-Орших,
- Г.Болор-Эрдэнэ,
- Б.Барсболд,
- О.Өсөхбаяр,
- Ч.Маргад,
- Э.Түшиг,
- Г.Дөлгөөн нар багтжээ.
- АНУ-ын Хөгжлийн лигийн “Оцеола Мэйжик” багт данстай Ш.Энхийн-Од багийн ахлагчаар талбайд гарах аж. Мөн Японы “Фүкүшима Файрбондс” багийн тоглогч А.Азбаяр, “Фүкүй Блоувайндс” багт зүтгэж буй Х.Оргил нар улсынхаа шигшээд тоглохоор иржээ. Сонирхуулахад одоогоор ААШТ-д оролцох 24 багийн 16 нь тодорсон юм. F хэсэгт Тайланд, Хонконг зургаан оноотой тэргүүлж байгаа бол Монгол, Малайз тус бүр тав, Индонез, Фижи тус бүр дөрвөн оноотой жагсаж байна.



