Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ оны наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 524 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 417 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор үлдсэн 107 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах ажил үргэлжилж буй.
Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Үндэсний аудитын газар, Говь-Алтай аймгийн ИТХ, Үндэсний геологийн алба, “Монголын Цахилгаан холбоо” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “И-Монгол академи” УТҮГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 12 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн төвийн барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй шийдвэрийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.
Төлөвлөгөөт хяналтаар 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.


