Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг хууль бус үйл ажиллагаа хийсэн хэмээн иргэн Н.Энхбат АТГ-т хандаж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын нээлттэй сонгон шалгаруулалтын шалгалт болоход би 75 оноо авч, нэгээр тэргүүлж гарч ирсэн. Ингээд сарын дараа аймгийн Төрийн албаны салбар зөвлөл тогтоол гаргаж Засаг дарга Б.Азжаргалд танилцуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төрийн албаны хуулийн дагуу намайг томилоогүй. Иймээс төрийн албаны тухай хуулийг зөрчиж, эс үйлдэхүй үзүүлэн хүнд суртал гаргаж байна гэж үзэж байгаа учраас АТГ-т хандаж байна.
Сонгон шалгаруулалтад тэнцчихээд байхад намайг нас, хүйсээр ялгаварлан гадуурхсан. Тэтгэвэрийн насны хүнтэй хамтран ажиллахгүй гэж Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлсэн байсан. Энэ бүхний цаад шалтгаан нь аймгийн театрын өмнөх дарга А.Болорсүх нь Б.Азжаргалтай дотны нөхөд байсан бөгөөд арваад жил энэ байгууллагад ажиллахдаа архидан согтуурч, зөрчил гаргасан асуудлыг өмнө нь хэвлэлээр хөндсөн байдаг.
Иймээс түүнийг театрын даргаас нь түдгэлзүүлсэн учраас хэрвээ би театрын даргаар очвол энэ бүх асуудал нь сөхөгдөнө хэмээн намайг томилохгүй байгаа гэж би хардаж байна. Одоо театрыг мэргэжлийн бус хүн удирдаж байгаа. Би Засаг дарга Б.Азжаргалд албан бичиг илгээхээр хариу өгдөггүй. АТГ учир шалтгааныг нь олох байх гээд гомдол гаргаж байна” гэв.


