Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн нэгт багтдаг Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээлэл өнгөрсөн жилээс цахим сүлжээнд цацагдсан.
Үүнээс хойш түүнтэй хамтран ажилладаг зарим брэндүүд гэрээгээ цуцалж эхэлсэн.
Жүжигчний агентлагаас ч, өөрөө ч тэр хэвлэлийн хурал, мэдэгдлүүдийг хийж дээрх мэдээллийг няцаасаар ирсэн.
Үүнээс хойш цагдаагийн байгууллага уг мэдээлэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.
Үр дүнд цахим сүлжээнд цацагдсан нотлох баримт гэх зураг, зурвас, мэдээллүүдийг хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн буюу хуурамчаар үйлдсэнийг тогтоосон гэж Сөүлийн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Энэ мэдээллийг анх нийтэд ил болгосон HoverLab ютүб сувгийн контент бүтээгчийг баривчлах хүсэлт гаргаад байгаа аж.
Сэжигтэн нь жүжигчин залууг насанд хүрээгүй хүнтэй үерхэж байгаагүйг мэдсээр байж нэр төрд нь халдах зорилгоор уг хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа баривчлах хүсэлтэд тайлбарлажээ.
Эргэн санавал Ким Су Хёныг 2025 оны хоёрдугаар сард нас барсан жүжигчин Ким Сэ Ронтой 2015 оноос хойш зургаан жилийн турш үерхэж байсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.
Тухайн үед Ким Сэ Рон жүжигчин 15 настай буюу насанд хүрээгүй байсан бөгөөд энэ мэдээлэл олон хүнийг цочирдуулсан юм.
Тухайн үед агентлагаас нь Ким Су Хён болон Ким Сэ Рон нар 2019 оны зун болзож эхлээд 2020 оны намар салсан гэв. Ким Сэ Рон нь 2000 онд, Ким Су Хён нь 1988 онд төрсөн тул тэдний харилцаа жүжигчин эмэгтэйг насанд хүрсний дараа эхэлсэн гэдгийг онцолж байв.
Дараа нь жүжигчин залуу өөрөө хэвлэлийн хурал хийж, нас барсан жүжигчин Ким Сэ Ронтой үерхэж байсан ч насанд хүрээгүй байхад нь харилцаа тогтоогоогүй гэдгээ мэдэгдсэн.



