НИТХ-ын Vll хуралдаанаар Нийслэлд ахмадын амралт сувиллын төв ОНӨААТҮГ байгуулах тогтоолын төслийг баталлаа. Нийслэлийн ахмадын амралт сувиллын төвийг байгуулснаар ахмадуудыг идэвхтэй амьдралын хэв маягтай байлгах, ганцаардал, нийгмээс тусгаарлагдах байдлыг бууруулах, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, тав тухтай орчинд амарч сувилуулах боломж бүрдүүлж, нийгмийн халамж болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ гэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ажиа Гэгээн Лувсантүвдан өөрийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд Ахмадын амралт, сувиллын төвийн барилгыг ашиглалтад оруулж нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн. Ажиа Гэгээн Лувсантүвдан тус төвийг өөрийн 100 хувийн хөрөнгөөр байгуулсан юм.


