НийгэмОнцлох

Н.Жаргалбаяр: Есөн жилийн өмнө бэлэглэсэн байр, олон түмний сэтгэлийн хандив 30 сая төгрөгөө аваагүй байгаа.

2017 онд улсын их баяр наадмаар долоо давж, заан цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын заан Нэгдэлийн Жаргалбаярын цолны мялаалга болгож, тухайн үед хоёр өрөө байрны батламжийг тухайн үеийн Мандал сумын Засаг дарга, өдгөө Сэлэнгэ аймгийн Засаг дарга Д.Лхагвадорж гардуулсан байна.

Мөн түүний цолыг мялааж, Мандал сумын бүх төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн нэг өдрийн цалингаа хандив болгож өгсөн гэдгийг тухайн үед хэвлэлд бичиж байлаа. Тухайн үедээ 30 гаруй сая төгрөг цугласан бөгөөд цолны найран дээр нь гардуулж өгнө гэж байсан нутгийн удирдлагууд нь гардуулж өгөлгүй есөн жилийн нүүрийг үзэж буй аж. Мөн нутгийн удирдлагууд нь амласан байраа ч өгөөгүй байна. Өнөөдрийг хүртэл иргэд тэр тусмаа нутгийн зон олон нь Н.Жаргалбаяр зааныг бэлгээ авсан хэмээн боддог аж. Тиймээс Н.Жаргалбаяр заан Мандал сумын удирдлагуудад өргөдөл бичиж, нэр төрд нь халдахгүй байхыг хүсчээ.

Тэрбээр Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгт хандсан хүсэлтдээ “Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр миний бие 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн билээ. Заан цолыг минь мялааж, тухайн үеийн Засаг дарга Н.Лхагвадорж хоёр өрөө байрын батламж гардуулсан. Одоог хүртэл шагналын байраа аваагүй бөгөөд сум орон нутгийн ард иргэдийн дунд тухайн шагналыг авсан мэт буруу ойлголттой байдаг тул үнэн зөв мэдээлэл өгөхийг сум орон нутгаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчдөд мэдэгдэх хүсэлтэй байна” гэжээ.

Мөн төрийн албан хаагчдийн нэг өдрийн цалин болох түмний сэтгэлийн хандив хаашаа орсон нь мэдэгдэхгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж, хэрэв энэ мөнгөний учир нь олдвол нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аянд зориулах болно гэж мэдэгдээд байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %