Украин сүүлийн жилд үзэгдээгүй том цохилт ОХУ-д өгсний улмаас дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Албаныхан ням гарагт /2026.05.17/ мэдээлснээр хүний амь эрсэдсэн тохиолдлын гурав нь Москва бүсэд гарчээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ ням гарагийн үд дунд гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд Украинаас нисгэсэн мянга орчим дроныг устгасан гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.05.14/ ОХУ Киевт дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтоо өгсөн юм. Үүний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Зеленский ням гарагт өгсөн хариу цохилтынхоо талаар мэдэгдэл хийхдээ “ОХУ дайныг сунжруулж, манай хот суурин газрууд руу хийсэн дайралтын хариуд авч буй үйлдэл болгон бүрэн үндэслэлтэй” гэжээ. Украин хилээс 500 км-ын зайд байрласан объектод цохилт өгч чадсан гэж тэр хэлсэн юм.
Шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ Зеленский хэлэхдээ, Украины цэргийн үйл ажиллагаа нэмэгдсэн нь фронтын тэнцвэрт өөрчлөлт бий болгосон нь мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Украиныг зориудаар энгийн иргэдийг онилж байна гэж буруутгав. ТАСС агентлаг мэдээлснээр ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Евровишионы дуунуудын аялгуунд, Европын холбооноос санхүүжүүлж буй Киевийн дэглэм дахин нэг томоохон террорист халдлага үйлдлээ” гэсэн байна.


