2025 оны дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компани манай улсын Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын онгоцны шатахуун цэнэглэх цогцолборт тус компани багадаа 15 жил дангаарчлах хэлэлцээрийг зүтгүүлсэн.
“Роснефть” манайд 2009 оноос 16 жилийн турш онгоцны түлш борлуулан, нийлүүлж байгаа бөгөөд цаашид шинээр баригдах цогцолборт ийн үргэлжлүүлэн тус компани 75 хувийг нийлүүлж орж ирэх сонирхлоо 2022 онд манай талд анх гаргаж байсан юм. Оросын талаас уг саналаа гүйцэлдүүлэхийн тулд хэлэлцээний гэрээндээ цаашид шатахуун тасалдахаас сэргийлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гэж тайлбарласан юм.
Уг асуудлыг өнгөрсөн оны 5-р сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед салбарын сайдаар ажиллаж байсан Ц.Туваан хойшлуулах санал гаргасан бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжээгүй.
Харин энэ удаад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол болон Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
“Хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын төсөл байгуулагдсанаар Монгол, Оросын хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвотой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-д олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ” хэмээн төслийн товч танилцуулгад дурджээ.


