НӨАТ-ын буцаан олголт болон хувьцааны мөнгө иргэдийн дансанд өнгөрсөн долоо хоногт орсон. Задлаад харвал, иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг болох 63,242 төгрөг буюу нийт 786.6 тэрбум төгрөг, НӨАТ-ын буцаан олголт болох 975.5 тэрбум төгрөг, нийтдээ 1,7 их наяд төгрөг бэлэн мөнгөний зах зээл рүү орж иржээ.
Ингэснээр худалдан авалт ихсэх, үүнийг дагаад инфляц өсөхөд өдөөлт болдог. Тухайлбал, богино хугацааны хэрэглээ өссөнөөр үнийн өсөлтөд мөн нөлөөлөл бий болох эрсдэлтэй бөгөөд эргээд энэ өсөлт зах зээлд шингэж үлддэг. Өөрөөр хэлбэл нэгэнт өссөн бараа, бүтээгдэхүүний үнэ эргэж бууддаггүй.
2010-2012 онд УИХ-ын сонгуулийг угтуулан улс төрийн намууд бэлэн мөнгөний амлалт өгч, улмаар иргэдэд тарааснаар тухайн үед инфляцыг хөөргөдөж байсныг өнөөг хэр эдийн засагчид муу кэйсийн нэгээр ярьдаг.
Өнөөдөр манай улсын төсөв 33 их наяд гэвэл 1.7 их наяд төгрөг нь төсвийн 5.1 хувь буюу ДНБ-ий 4-5 хувьтай тэнцэж байгаа нь бага дүн биш юм.
Энэ төрлийн мөнгөний нийлүүлэлтийн шок нь манайх шиг импорт өндөр, нийлүүлэлт хязгаарлагдмал жижиг зах зээлтэй улсад инфляцид багадаа 2 орчим хувийн нөлөөлөл үзүүлэх боломжтой.
Харин инфляцид бага нөлөөлөх хэлбэр нь иргэдийн тодорхой хувь бэлэн мөнгийг хадгаламжид хийх, зээл төлөх зэргээр шууд зах зээл рүү нийлүүлэлт хийхгүй байх юм.


