НийгэмОнцлох

Гэрлэх ёслолын ордны гадаа хосууд цэцэг шидээд гоё хурим хийх захиалга авах зэргээр ашигтай ажиллах аргуудыг хотын дарга зааж өгөв.

Монгол түмний гал голомтыг бадраан хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг Гэрлэх ёслолын ордныг нийслэл хотод 1975 онд барьж, ЗХУ-аас БНМАУ-д хүлээлгэн өгснөөр 1976 оны зургаадугаар сарын 14-ний өдөр нээгдсэн түүхтэй байна.

Уг барилгын дээвэр, танхимыг энэ жил нийслэлийн төсвийн 4.5 тэрбум төгрөгөөр шинэчлэхээр болжээ. Засварын ажил 2027 оныг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ тухай Нийслэлийн нийгмийн салбарын байгууллагуудын удирдлагуудтай хотын дарга Х.Нямбаатар өчигдөр уулзах үеэрээ “Хуримын ордон бол Улаанбаатар хотын А бүсэд байршдаг байгууламж. Өнөөдрийг болтол хотоос татаас авч, жил бүр будаж, шохойдож өгдөг.

Хуримын ордныг ашиггүй ажиллуулж байна. Бүх төрлийн эвент, наадам, олон улсын хурал, зөвлөгөөнийг тус ордонд зохион байгуулах боломжтой. Хариуцаж байгаа дарга, менежерүүд орлого олж болохгүй гэсэн коммунист сэтгэлгээгээ өөрчилмөөр байна. Гэтэл хажууд нь байгаа Шангри Лад эвент зохион байгуулах өдөр олддоггүй.

Хуримын ордон бэлэгт сайн өдөр л ажилладаг. Бусад өдрүүдэд Рио, НҮБ-ын болон бусад байгууллагуудын эвентүүдийг зохион байгуулж, ашигтай ажиллуулдаг болмоор байна.

Ордны гадна талд нь залуучууд цэцэг шидээд гоё хурим хийх захиалга өгнө биз дээ, түүнийг нь дуудлага худалдаагаар зараад болоо шүү дээ. Энэ жил засварын мөнгийг хангалттай шийдэж өгсөн. Дараагийн удирдлага нь Хуримын ордныг сайн авч явах ёстой” гэж ашигтай ажиллах аргыг зааж өгөв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ё.Нямжав ажлаасаа чөлөөлөгдөж буйг өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан. Түүний оронд Гэрлэх ёслолын ордны захирлаар ажиллаж байсан НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг томилжээ. Харин Хуримын ордныг удирдах хүнийг одоогоор томилоогүй байгаа бололтой.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %