Хаврын урт өдрүүд айсуй. Өдөр уртсахтай зэрэгцэн өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа монголчууд бидний гол хүнс болох махны үнэ өдөр ирэх тусам өсөж байгаа нь хот, хөдөөгүй иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, гуравдугаар сарын 23-ны байдлаар үхрийн цул мах 30,417 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сарын дундажтай харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин үхрийн ястай мах нэг килограмм нь 26515 болж, долоо хоногийн өмнөхөөс 230 төгрөгөөр нэмэгдсэн.
Хавар цагт түлхүү хэрэглэдэг хонины махны үнэ хамгийн их өсжээ. Хонины ястай мах нэг килограмм нь 21435 төгрөг болж өнгөрсөн хоёрдугаар сараас 11.7 хувиар, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Махны үнэ нийслэлд төдийгүй ченжийн дамжлага харьцангуй цөөн, тээвэрлэлт бага гэгддэг аймаг орон нутгуудад ч өндөр байна. Тухайлбал, хонины мах Дархан-Уул аймагт хамгийн үнэтэй буюу 21,333 төгрөг, үхрийн мах Дорнод аймагт хамгийн өндөр буюу 27 мянга хүрчээ.
Махны үнэ нийслэлд төдийгүй ченжийн дамжлага харьцангуй бага гэгддэг аймаг орон нутгуудад ч өндөр байна. Тухайлбал, хонины мах Дархан-Уул аймагт хамгийн үнэтэй буюу 21,333 төгрөг, үхрийн мах Дорнод аймагт хамгийн өндөр буюу 27 мянга хүрчээ.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Стратегийн бүтээгдэхүүний хувьд махны нөөц бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрийнхээ хүн амын хэрэгцээг хангах үүрэг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт оногддог. Энэ талаар өвлөөс эхлээд Засгийн газраас байнга чиглэл өгч байгаа. Манай яам махны хангамж нийлүүлэлт дээр анхаарах чиг үүрэгтэй. Цаашид аймаг, бүсүүдэд хөлдөөгч, хөргүүр бүхий агуулах барьж байгуулан улирлын чанартай хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ” хэмээн махны үнэтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн байна. Гэвч салбарын сайдын ярьсан дээрх шийдэл 2027 оноос л яригдаж эхлэх аж.
Үнийн өсөлтөд зудын эрсдэлийн улмаас малын тоо эрс цөөрсөн, түлш шатахууны үнэ тогтмол нэмэгдэж байгаа гэхчилэн олон хүчин зүйл нөлөөлж буй. Малчдын зах нээн ажиллуулж, нийслэлээс уламжлал ёсоор нөөцийн махны худалдааг зохион байгуулж байгаа ч энэ хавар махны үнэ тэнгэрт хадлаа. Зах зээлийн зарчмаараа явж байгаа гэж харж боловч иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй харьцуулахад ахадсан ачаа болж байгаа нь үнэн.
Гэтэл үүнд анхаарал хандуулах чиг үүрэг бүхий Монополын эсрэг газар цахим хуудастаа сарын өмнө буюу хоёрдугаар сарын 27-нд “Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо” гэсэн гарчигтай, хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нийлүүлэлт, тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг тус тус сонсов” гэсэн мэдээлэл оруулжээ.


