Өчигдрөөс эхлэн Монгол Улсад Евро-5 стандартын АИ-92 шатахууны үнэ нэмэгдэж литр нь 3080 төгрөгөөр ШТС-уудаар борлуулагдаж байгаа билээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэхдээ ОХУ-ын Улаан-Үүд хотод АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 4000 төгрөг давсан гэх агуулгыг хэлсэн. Зарим эх сурвалжуудад шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадаас Евро-5 стандартын АИ-92 импортолж байгаа нь Оросоос худалдан авдаг шатахуунаас өндөр үнэтэй учир ийн үнийг нэмэгдүүлэх шаардлага, нөхцөл үүссэн хэмээн зөрүүтэй тайлбарлажээ.
Энэ сард салбарын сайд Г.Дамдинням шатахууны нөөцийн сав, байгууламж барихад зориулагдсан 500 тэрбумын репо зээлийн санхүүжилтийн хуулийн төслийг хэлэлцэн батлуулсан. Гэсэн ч одоогоор шатахуун импортлогч компаниуд уг зээлийн санхүүжилтийн талаар нэг ч албан ёсны байр суурь илэрхийлээгүй юм.
Цаашид шатахууны хомсдолын асуудлыг салбар яам бүрэн шийдэх хүртэл хэрэглэгчид дугаарласан хэвээр байх бололтой.


