АН-ын дэд дарга С.Баярцогт тэргүүтэй улстөрчид “Шунхлай” группийн шинэ жилийн цэнгүүнд оролцжээ. Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан, С.Баярцогт, түүний хүү Б.Гомбо-Эрдэнэ нарын хүмүүсийн баярын зураг олон нийтийн сүлжээнд тархжээ.
Хуучин МАН-ын улстөрчид, УИХ-ын гишүүдийг халаас нэгтэй гэж шүүмжилдэг байв. Тэд дундаа бизнестэй, түүнийхээ эрх ашгийг парламент дээр хамгаалдаг тогтсон “жишигтэй” явж ирсэн. Тэгвэл МАН-ын энэ өвчин АН-д халдсан бололтой.
С.Баярцогт АПУ-гийн шинэ жилд зочилсон нь хараад өнгөрөх зүйл биш юм. С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ тус компанийн ТУЗ-ийн гишүүн. Нэг ёсондоо хувьцаа эзэмшигч. Харин АПУ-гийн эзэн УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн гишүүн П.Батчимэг. Нэг намын хоёр гишүүн дундаа бизнестэй, халаас нэгтэй болж таарч байна.
С.Баярцогт өөрөө хэнсэн билээ. Саяхан болж өнгөрсөн Оюутолгойн сонсголын үеэр Монголын төр баялгаа 16 жил ухуулсан ч өртэй хэвээр байгаа тоо баримтыг нийтээрээ харлаа. Гэрээг байгуулсан С.Баярцогт балаг тарьсан уу, баяр хийсэн үү гэдгийг энэ өдрүүдэд нийтээрээ монголчууд хэлэлцэж байна. Тодорхой нэг зүйл нь, баялгаа ухуулсан монголчуудын амьдрал элгээрээ хэвтсэн чигээр, шатахуунд шөнөжин оочерлож, татварын өрөнд баригдаж сууцгаана. Харин гэрээ байгуулсан С.Баярцогт тэргүүтэй улстөрчид оффшор бүсэд хөрөнгөтэй, үе дамжиж том компанийн ТУЗ-д сууж, хувьцаа эзэмшиж байгааг харьцуулахад гэмгүй.
П.Батчимэг гишүүн парламентад сонгогдоод жил гаруй болоход сонгогчдоо төлөөлж ямар хуулийн төсөл санаачилж батлуулсан нь тодорхойгүй. Жил гарангийн дараа нэр нь гарсан нэг ажил нь “Хамгийн олон гадаад томилолттой гишүүн” байж таарлаа.
Улстөрчид тэр дундаа нэг намынхан дундаа бизнестэй болоод ирэхээр л асуудал өрнөдөг. Өнөөдрийн зургаар бол дундаа бизнестэй энэ хоёр гишүүний нэг нь АН-ын ард тоглолт хийж, өөрийн ээлжээ хүлээн, нөгөө нь улс дамжин томилолтод явснаас улс төрийн үзэл санаа, сөрөг хүчний байр суурь үнэртээгүй л явна.


