ОХУ-ын сансрын агентлаг Роскосмос Энэтхэг улсад пуужингийн хөдөлгүүр борлуулж, үйлдвэрлэх лиценз гаргах талаар хэлэлцэж байна. Роскосмосын гүйцэтгэх захирал Дмитрий Бакановын хэлснээр, “Гол ажил бол хөдөлгүүр. Эдгээрийг зарж борлуулах, орон нутгийн үйлдвэрлэлийг бий болгох тухай хэлэлцэж байна” гэж хэлжээ. Гэхдээ хэлэлцээ ямар шатанд явагдаж байгаа болон тодорхой хугацааны талаар мэдээлэл өгөөгүй байна.
Өнгөрөгч долоо хоногт Оросын ерөнхийлөгч Владимир Путины Энэтхэгт хийсэн айлчлалд Баканов мөн явсан. Хоёр улсын удирдагч нар Баасан гаригт (2025.12.05) пуужингийн хөдөлгүүрийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, ашиглах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааны тухай мэдэгдэл хийсэн. Гэхдээ хэлэлцээ байгуулсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм. Мэдэгдэлд мөн Роскосмос болон Энэтхэгийн Сансар судалгааны байгууллага (ISRO)-ын хооронд сансрын нислэг, хиймэл дагуулын навигаци, гаригийн судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх төлөвлөгөөг дурдсан байв.
Өнгөрсөн жил Путин, Моди нар пуужингийн хөдөлгүүрийг хөгжүүлэх, үйлдвэрлэх чиглэлээр “хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэтийн төлөвийг судлах” талаар тохиролцсон байв. Мэдээллийн Интерфакс агентлаг тухайн үед Роскосмос Энэтхэг, Хятадтай пуужингийн хөдөлгүүрийн технологийг нийлүүлэх, дамжуулах талаар идэвхтэй хэлэлцэж байгаа гэж мэдээлсэн. Энэ нь дунд болон хүнд пуужинд ашигладаг Зөвлөлтийн үеийн шингэн түлшний хөдөлгүүрийн “RD-170/171” пуужинг нийлүүлэх тухай байсан аж. Үүнд хиймэл дагуул болон сансрын хөлгийг тээвэрлэдэг хөлөг онгоц багтдаг юм.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES


