ДэлхийдОнцлох

Дэлхийн зэвсэг үйлдвэрлэгчдийн ашиг өссөн ч Хятадынх эсрэгээрээ буурчээ

Хятадын цэргийн зэвсэг, техник үйлдвэрлэгч томоохон компаниудын ашиг өнгөрсөн онд эрс буурчээ. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайлагнаснаар авлигын цэвэрлэгээтэй холбоотойгоор зэвсгийн гэрээ болон худалдан авалт удааширсан нь үүнд нөлөөлсөн байна. Украин, Газын зурвас дахь дайнаас шалтгаалаад дэлхий даяар зэвсэг үйлдвэрлэгчдийн ашиг орлого ихээхэн өсөлттэй байгаа ч Хятад эсрэгээрээ бууралттай байна.

Тодруулбал, Хятадын зэвсэг үйлдвэрлэгч топ компаниудын ашиг өнгөрсөн онд 10 хувиар буурсан бол Японых 40, Германых 36, АНУ-ых 3.8 хувиар тус тус өсчээ.

Харин дэлхий нийтийн хэмжээнд авч үзвэл, хамгийн том 100 үйлдвэрлэгчийн ашиг 5.9 хувиар өсч, 679 тэрбум ам.доллар хүрсэн байна. Бүс нутгаар авч үзвэл, Ази-Номхон далайн бүсийн орлого хамгийн уналттай байсан нь Хятадтай холбоотой.

Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн Цэргийн зардал ба зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөрийн захирал Нан Тиан хэлэхдээ “2024 онд Хятадын зэвсэг үйлдвэрлэлийн салбарт авлигын хэд хэдэн хэрэг илэрсэн нь томоохон гэрээнүүд хойшлогдох, цуцлагдах шалтгаан болсон. Энэ нь Хятадын цэрэг армиа орчин үежүүлэх хүчин чармайлтыг тодорхойгүй байдалд оруулж байна” гэсэн юм.

Хятадын дарга Ши Жиньпин 2012 онд авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил эхлүүлж буйгаа зарласан. Энэхүү кампанит ажилд өртсөн томоохон байнуудын нэг бол Ардын чөлөөлөх арми. Тэр дундаа 2023 онд Ардын чөлөөлөх армийн Пуужингийн хүчний дээд түвшний албан тушаалтнууд үүнд өртөж эхэлсэн. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард эрх баригч Коммунист намын найман топ генералыг намаас хөөсөн билээ.

Хятад улс АНУ-тай эхлүүлсэн стратегийн өрсөлдөөн, Тайванийн асуудал, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан зэргээс болоод батлан хамгаалахын зардлаа сүүлийн 30 жил тасралтгүй өсгөсөн. Гэсэн ч үүнийг үл харгалзан зэвсгийн үйлдвэрлэлийн ашиг буурсан үзүүлэлттэй гарч байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %