Олон жилийн бууралттай үзүүлэлтийн дараа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод гэрлэлт болон төрөлтийн тоо дараалан 12 сар өсчээ. Тодруулбал, гуравдугаар сард Сөүлд 3786 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн гурван жилийн хамгийн их төрөлттэй сар болжээ.

Энэ өсөлт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн үргэлжилж байгаа бөгөөд тухайн үед төрөлт өмнөх оноос 9.7 хувиар нэмэгдсэн нь төрөлтийн хамгийн доогуур түвшинтэй тэмцэх боломжтойг анх удаа харуулсан юм.
Гэрлэлт ч мөн адил өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, гуравдугаар сард Сөүл хотод 3814 хос гэр бүл болсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 12 сар дараалан тоо нь нэмэгджээ.Энэхүү өсөлт 2023 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд тухайн сард гэрлэлтийн тоо 27.8 хувиар нэмэгдсэн байдаг.
Хэдийгээр 2023 онд нийслэлийн нийт төрөлтийн түвшин дэлхийн хамгийн доод түвшний нэг буюу 0.55 байсан ч гэрлэлтийн тооны өсөлт энэ тоог бага зэрэг нэмэгдүүлсэн байна. 2025 оны эхний улиралд Сөүл хотын төрөлтийн түвшин 0.65 болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар өсчээ.
Хотын удирдлагууд энэ эерэг өөрчлөлтийг цар тахлын дараах гэрлэлтийн өсөлт болон төрөлтийн доогуур түвшний эсрэг бодлогын хэрэгжилт зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.
2023 оноос хойш Сөүл хотод орлогын түвшнээс үл хамааран үргүйдэлтэй бүх хосуудад үр шилжүүлэн суулгах эмчилгээний тэтгэмж олгож эхэлжээ. Эдгээр тэтгэмж нь эмчилгээний төрлөөс хамааран нэг удаагийн үйлчилгээнд 300,000 воноос 1.1 сая вон (220-812 ам.доллар) хүртэл хэлбэлздэг.
Мөн хотод амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд такси, автобус, метро зэрэг тээврийн хэрэгслээр зорчих 700,000 вон (516 ам.доллар)-ын тэтгэмж авах боломжтой.
Эх сурвалж:Korea times


