П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн барсан хуулийн төслүүд эрх баригчдад гал дуудав. Гадаадаас авах ажилчдын тоонд хязгаар тогтоохгүй байх, гадаад ажилчин авч ажиллуулж буй аж ахуйн нэгжүүдийг төлбөрөөс чөлөөлөх хуулийн төсөл санаачлан боловсруулж, өргөн барьсан УИХ-ын гишүүд олон нийтийн эсэргүүцлийн улмаас бууж өгч, төслөө эргүүлэн татсан. Харин одоо Засгийн газар хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татаж байгаа юм. Засгийн газраа төлөөлөн хуулийн төслөө УИХ-ыд өргөн мэдүүлсэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийхдээ төслөө маргааш дахин танхимаараа хэлэлцүүлнэ гэдгээ хэллээ.
Л.Энх-Амгалан сайд хуулийн төслийг нь олон нийт шүүмжлэхээс илүү УИХ дахь АН-ын бүлэг дэмжээгүйд их харамсаж байгаагаа хэллээ. Учир нь, Засгийн газарт хамтран ажиллаж буй УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжихгүй байх шийдвэр гаргасан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг Сангийн сайд, Хууль, дотоод хэргийн сайд хоёр өгдөг. Засгийн газар дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг ч мөн Сангийн сайд, Хууль, дотоод хэргийн сайд нар өгдөг. Үүний дагуу Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ төслийг дэмжихгүй гэж шийдсэнд харамсаж байна. Хамтарч засаглаад, хамтарч хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд бүлгийнхээ хурлаар цөөн хэдэн гишүүний муйнхар тайлбарт автаж шийдвэр гаргасанд харамсалтай. Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна. Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой” гэв. Тэрээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрынхаа дэмжсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүүлэх зөвшөөрөл олгочихоод бүлэг дээрээ хамгаалж, дэмжүүлж чадсангүй” хэмээн буруутгаж байгаа бололтой. Зөвхөн О.Алтангэрэл сайд ч бус засагт хамарч байгаа гэдэг утгаараа АН хуулийн төслийг нь эсэргүүцсэн улс төрийн шийдвэр гаргах ёсгүй гэж үзэж байгаагаа хэллээ.
Засагт хамарч байгаа нь ч ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд бие даан шийдвэр гаргах эрхтэй. УИХ дахь АН-ын бүлэг энэ эрхэнд үндэслэн шийдвэр гаргачих шиг боллоо. Мөн Засгийн газарт анхнаасаа хамтран ажиллахыг эсэргүүцсэн, намын даргынхаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцдэг гишүүн АН-ын бүлэгт олон бий. Энэ нь Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг улдан эсэргүүцсэнээр илэрч байна. Засгийн газар, намын бүлэг хоёрынхоо дунд алийг нь гэхээ мэдэхгүй хэцүү байдалд байгаа хүмүүс бол АН-аас засагт ажиллаж буй сайд нар. Тэд яг л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага лугаа адил. Энэ өдрүүдэд бүр хамгийн хэцүү байдалд байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл. Тэрээр маргааш Засгийн газрын хуралдааны үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй МАН-ын сайд нараас зэмлэл хүртэх нь лавтай.


