БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ
Зорилго: Нийслэл хотын хэмжээнд Цагдаагийн байгууллагад ашиглаж байгаа хөдөлгөөнт эргүүл, хэсгийн байцаагчийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай албаны автомашины лого, бичиглэлийг шинэчлэнэ
Зохион байгуулагч: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газар
Хэрэгцээ шаардлага: Нийслэл нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн албаны автомашины өнгө, загвар, бичиглэл, тусгай тоноглолын загварыг орчин үеийн чиг хандлага, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, олон улсын стандарт, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд тулгуурлан шинэчлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн.
Иймд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ахмад ажилтан, Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд, чөлөөт уран бүтээлчдийг нас харгалзахгүйгээр оролцуулахаар болзолт уралдааныг зарлан явуулж байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
Олон улсын стандартад нийцсэн цагдаагийн албаны автомашинд тохирохуйц тусгай тоноглол, өнгө, бичиглэлийн шинэ загвар бүтээсэн байх;
Өнгө, бичиглэлийн загвар нь агуулга, утга санааны хувьд цагдаагийн байгууллагын онцлог, эрхэм зорилго, алсын харааг тодорхойлсон, түүх, соёл, зорилт, чиг үүргийг илтгэсэн байх;
Цагдаагийн албаны автомашины тусгай тоноглол, өнгө, бичиглэлийн загварыг А4 хэмжээтэй цаасан дээр гараар зурах болон компьютерын программ дээр бүтээсэн нягтрал сайтай бүтээл байх;
Бүтээлийг А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэж, тусгагдсан зураглалын тайлбарыг ирүүлэх;
Хугацаа: Бүтээлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны хооронд www.ubpolice.gov.mn цахим хаягаар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 211 тоот өрөөнд хүлээн авна.
Шагнал, урамшуулал:
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээдийг урамшуулна” гэж заасны дагуу уралдаанд оролцож, ирүүлсэн бүтээлийг цахим орчинд байршуулж, иргэдээс санал авах ажлыг зохион байгуулан урамшуулна.
Шалгарсан бүтээлийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Удирдамжтай холбоотой асуудлаар 80003733, 97007177 утсаар тодруулах.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР


