Нийгэм

“Цэргүүд нэгнээ цохиж буй хэргийг шалгаж эхэлсэн”

Нийгмийн сүлжээнд Дотоодын цэргийн алба хаагчид нэгнээ цохиж буй бичлэг цацагдсан.Энэ хэрэгтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Д.Батлут,

“Цахим орчинд цацагдсан Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа. Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй.

Холбогдох албан тушаалтнаас тодруулахад тухайн хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө. Бидний зорилго бол ямар ч салбарт “дүрмийн бус харилцаа”-г тэвчихгүй байх юм. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно” гэж мэдэгдлээ.

Харин зодуулсан цэргийн аав,

“Хүүг минь зодож байгааг интернэтээс хараад цочирдлоо. Би алгадаж ч үзээгүй хүүг минь унатал цохиж байгааг харах хүнд байлаа. Үхчихсэн байвал яах вэ. Тангаргийн баяраар нь ирэхэд нүднээс гартал турчихсан байсан, тэвчээд өнгөрсөн. Цэргийн ангид яргалал байсаар байгаад харамсаж байна” гэлээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газар

“Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна. Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно” гэв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %