НийгэмОнцлох

УДШ Иргэний оролцооны нэгдэл намын дүрмийн шинэчлэлийг бүртгэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногийн Баасан /2025.12.05/ гаригт болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, Ардчилсан намаас ирүүлсэн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь Ардчилсан намын мэдээллийн санд Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн Ард түмний хүч намын хөтөлбөр, дүрэмд оруулсан өөрчлөлт (шинэчилсэн найруулга)-ийг, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх өргөдлийг тус тус хэлэлцээд дүрмийн зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс  татгалзав.

Мөн нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаас  2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1335 дугаар албан бичгээр ирүүлсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2307 дугаар албан бичгээр ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, УИХ-ын гишүүн Х.Болормаагаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн УИХ-03/13448 дугаар албан бичгээр болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/2492 дугаар албан бичгээр тус тус ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй танилцаж, эрх мэдэл хуваарилах, хууль бүтээх үйл ажиллагааны үндсэн зарчмуудад нийцүүлж ирүүлээгүй, хуулийн төсөлд санал авах талаарх хууль тогтоомжид заасан журмыг баримтлаагүй гэсэн үндэслэлээр санал хүргүүлэхээс татгалзаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд буцаахаар шийдвэрлэв.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх болон Монгол Улсын дээд шүүх анхлан байгуулагдсантай холбоотой асуудлаар зөвлөлдөж, шийдвэр гаргалаа.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %